horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Мянгат малчдын малыг нь маллаж “маамууг” нь гаргахаас бусдыг ард түмэн даадаг боллоо

post-img

Үнэхээр сүүлийн жилүүдэд мал малладаг хүмүүсийн бүхий л амьдралыг татвар төлөгч жирийн иргэд, ард түмэн нуруун дээрээ үүрдэг болчихсон гэхэд нэг их буруудахааргүй болсон. Гэтэл дахиад л хуулийн дагуу энэ намраас малчин хүний нэг хүүхдийг үнэ төлбөргүй Их, дээд сургуульд суралцуулахаар болов. Малчны тухай хууль энэ жилийн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд явж байна. Тус хуульд заасны дагуу малчнаар 10-аас доошгүй жил ажилласан хүний нэг хүүхдийг төрийн өмчийн сургуульд үнэгүй сургах бөгөөд үүний санхүүжилт нь Боловсролын зээлийн сангийн төсөвт тусгагдсан. Улмаар энэ намрын элсэлтээр хүүхдүүдийг авч, 2025-2026 оны хичээлийн жилээс хэрэгжиж эхлэхээр болсон гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр хэлсэн байна лээ.

Үүнээс гадна малчдыг орон сууцны зээлийн хөтөлбөрт хамруулах, хөнгөлөлт үзүүлэх, гамшигт болон аюулт үзэгдэлд нийт малынхаа 50 хувиас доошгүйг алдсан малчин өрх, эсхүл хонин толгойд шилжүүлснээр 250 хүртэлх малтай, эсхүл 16-40 хүртэлх насны малчин өрхийг малжуулах арга хэмжээнд хамруулах, хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх гэх мэт малчдад чиглэсэн төрөөс авч хэрэгжүүлэх бодлогыг тус хуулиар тодорхой зааж өгсөн байна. Гэвч малчдад зориулсан халамж, тусламж дэмжлэг ингээд дуусахгүй. Мал малладаг нөхрийн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр даах хуулийн зохицуулалттай. Даанч төр биш, нөгөө л хуруу хумсаа хугалан байж ажил хөдөлмөр эрхлээд, түүнээсээ нийгмийн даатгал төлдөг иргэдийн өгсөн мөнгөнөөс энэхүүү шимтгэлийн мөнгийг нь төлж байгаа юм. Ирээдүйн нийгмийн баталгаа нь алдагдана гэж төр засгаас үздэг байна. Гэтэл эргээд хөдөлмөрийн насны 220 гаруй мянган малчин байдгаас ердөө 30 хүрэхгүй хувь нь л энэ шимтгэлээ төлдөг гэсэн харамсалтай тоо байна. Тэд төлж чадахгүйдээ төлөхгүй байгаа хэрэг огт биш. Ердөө л төр засгаас өгдөг халамжийн үйлчилгээнүүд өдөр, сараар нэмэгдэнэ. Өөрсдийнх нь өмнөөс нөгөө хэдэн улстөрч нь хууль батлуулаад төлчихнө гэдгийг мэддэг болчихсон хэрэг. Нэг үгээр бол малчид гэсэн төрөөс халамж авдаг бүхэл бүтэн нийгмийн бүлэг бий болчихсон байна. Яг л заавал тэтгэмж авах ёстой хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэдэг шиг болчихлоо. Уг нь тэд чинь нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй гээд эмзэг бүлгийн, заавал халамж авах аль ч бүлэгт нь огт хамаарахгүй хэсэг л дээ. Гэвч тэдэнд ингэж “хайр” зарлаад байх нэг учир байна. Тэр нь мэдээж сонгууль.

Улсын нийгмийн даатгалын ситем, нийгмийн халамжтайгаа уусч, нэгдээд утгаа алдчихсан. Энэ хэвээрээ үргэлжлэх юм бол ердөө 20 хүрэхгүй жилийн дараанаас асуудал улам хүндэрнэ гэдгийг энэ салбарынхан, арай дөнгүүр мэргэжилтнүүд нь хэлээд эхэлсэн. Нэг ёсондоо улсаараа халамжийн бодлогыг өөгшүүлэн дэмжиж ирсний гай нь энэ. Жалга дов болгоноос нэг, нэг гишүүн сонгож, магнай дээрээ мандуулж ирсний уршгаар зөвхөн малчдад зориулсан халамж ингэж тоогоо алдчихсан юм. Саналыг нь дахин, дахин авахын тулд ямаанд хүртэл урамшуулал олгож, ноолуур, ноос, сүү гээд түүхий эд дээр нь хүртэл мөнгө олгосоор ирсэн. Ноднин жилээс буюу сонгуулийн өмнөхөн эхлүүлсэн хоршоо байгуулах хөдөлгөөн гэж байна. Малчны А данстай л бол хэн ч хоршооны гишүүн болж өчнөөн тэрбумаар нь арилжааны банкнаас хөнгөлөлттэй хүүтэй зээл авч болох боломжийг нээсэн. Төр засгаас хүүгийнх нь татаасыг арилжааны банкуудад төлж байгаа.

Үүнд тарагны тавтай гэхээсээ илүүтэй тал дүүрэн малтайнууд нь голцуу хамрагдаж байгааг захын сум ороод харж болно. Дээрээс нь өнөөдөр малчны хөдөлмөрийг зөвхөн тоогоор хэмждэг болсон. Үүний тод илрэл нь “Мянгат малчин” гэсэн цол өргөмжлөл байна. Улс аймгийн аварга, сайн малчныг ч гэсэн тоогоор үнэлж, сар шинийн өмнөхөн баахан улаан тууз ардаа ачсан сайд, дарга нарын машин хөдөөг зорьдог нь нууц биш. Төрийн ордонд малчдын шагналаа авах гэсэн гишүүдийн уртаа урт цуваа үүсчихсэн л байдаг юм. Мал бол хувийн өмч. Хувь хүн өмчөө анхиатайхан байж өсгөх үү, ажилгүйгээсээ болж хорогдуулах уу гэдгээ өөрөө л шийднэ. Гэтэл “мал төрийн хамгаалалтад байна” гэсэн хуулийн үгээр далайлгаж малчдыг нь угжиж, тэжээдэг байх ёсгүй.

Төр засгаас хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлнэ гэж сүүлийн 30 жил ярьсан. Тодорхой төсөл хөтөлбөрүүд ч хэрэгжүүлсэн. Харамсалтай нь малчдынхаас бусад нь тэгсхийгээд замхарч, дарга нарын халаасыг түнтийлгэж ирсэн байдаг. Тариалан хөгжүүлэх сангийн асуудал өдгөө ч дуусаагүй л байна. Дээрээс нь ноднин жил зөвхөн баруун бүсэд гурил үнэтэй байна гэсэн шалтгаанаар өнөөгийн УИХ-ын даргын санаачилгаар Оросоос оруулж ирэх г урил, улаанбуудайн татварыг тэглэж, хэмжээгүй болгосон. Ингэснээс болж газар тариалангийн салбарт дэнжигнэж байсан компаниуд хаалгаа барьж, зарим гурилын үйлдвэр өнөөдөр хүндхэн нөхцөлтэй болчихоод байгаа нь үнэн. Гэтэл малчин болоод тариаланч гэдэг чинь адилхан л нөгөө дэмжих гээд байгаа хөдөө аж ахуйн салбарын нөхөд биз дээ. Даанч тариаланчид нь өнөөдөр “дагавар хүүхэд” шиг байдалтай л сууна. Тийм байтал нэг хэсгийг нь хааж, боож, татвараар дарамталчихаад нөгөөг нь ингэж сугалж гаргаж ирээд элдэв татвараас чөлөөлж, хөнгөлөлт олгож, халамжаар угжаад байдаг нь юутай холбоотой вэ. Өнөөх л сонгуулиар олж авах санал. Өөр юу ч үүнд нөлөөлөөгүй. Хэдийгээр хуульд өөрчлөлт оруулж УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулдаг болсон ч тойргоос сонгогдсон гишүүд өнөөдөр ард түмний нэрийг барьж цээж дүүрэн ханхалздаг нь хэвээрээ л байна.

Жагсаалтаар гишүүн болсон хэд нь энэ тухайг нь хэлэхээр тэднийгээ элдвээр хэлж, нүд үзүүрлэх маягтай. Бас хониныхоо захад машин дотроо сошиал ухаж суудаг малчдадаа энэ тухай хов хүргэж, сэвэхээ ч мартдаггүй бололтой юм билээ. Харин малчид маань энэ их хайр хишгийг нь хүртсэнийхээ хариуг чин үнэнчээр барина. Харамсалтай нь өнөөдөр байгаа төр засаг, бодит нөхцөлөө хардаг нь даанч алга. МАН-ын сүүлийн 12 жил засагласан ч татвар шат дараалан нэмэгдэж, амьдралын чанар өдрөөс өдөрт унаж, ардчилал, хүний эрхийн жагсаалтаар олон улсад байр ухарсаар байна. Өнөөдөр хамтарсан засаг байгуулж, Ардчилсан нам, ХҮН намыг үүндээ татан оруулсан нь энэ бүхнийхээ хариуцлагаас зугтаах, хамтдаа үүрэх гэсэн заль төдий зүйл гэдгийг судлаачид хэлээд эхлсэн байна лээ. Тэгэхээр төр засаг нь нийгмийн ганцхан бүлгээ өргөж тэтгэдэг, өмгөөлж хамгаалдаг байдлаа болиод бүгдэд нь тэгш боломж олгох хэрэгтэй. Малчид маань ч өгсөн бүрийг нь алгаа тосон авч, үүнийхээ хариуд сонгуулийн хуудсыг үнэнчээр бөглөхөө болимоор байна.

Тэгж байж бид цаашдаа юу хийж чадах юм, хөгжлийн ямар шатанд очих вэ гэдгээ мэднэ. Дээрээс нь малчин, тариаланч, жирийн ажилчин бүгд хуулийн өмнө тэгш эрхтэйгээр халамжаа авч, татвараа төлж амьдардаг болмоор байна. Монголын татвар төлөгч ард түмэн мянгат малчдын малыг нь маллаж маамууг нь гаргахаас бусдыг ард түмэн даадаг боллоо.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Т.Дарханхөвсгөл

0/1000