БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх орон нутгийн цагаар баасан гарагийн 11:00 цагт хуралдаж, ерөнхийлөгч Юн Сок Ёлыг импичментээр албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг гаргалаа.
Нийт 8 гишүүнтэй БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн гишүүд бүгд санал нэгтэйгээр Юн Сок Ёлыг импичментээр огцруулахыг дэмжсэн шийдвэрийг гаргаснаар түүнийг нэн даруй албан тушаалаас нь огцруулж, улмаар хуулийн дагуу 60 хоногийн дотор ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахаар болоод байна.
Орон даяар телевизээр шууд дамжуулсан дээрх шийдвэрийг Үндсэн хуулийн шүүхийн тэргүүн Мүн Хён Бэ танилцуулжээ. Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг өнгөрсөн оны 12-р сарын 3-ны өдөр цэргийн онц байдал зарлахдаа БНСУ-ын Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиудыг зөрчиж, ерөнхийлөгчийн зарлиг тушаалыг хүчингүй болгох зорилгоор чуулж санал хураалт явуулахыг оролдсон Үндэсний Ассамблейн гишүүдийг зогсоохын тулд цэргүүдийг дайчилж, улс төрчдийг баривчилсан явдалд буруутай гэж үзэн түүнийг албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг гаргасныг танилцуулсан байна.
Мөн түүнчлэн тухайн үед цэргийн онц байдал зарлах нөхцөл үүсээгүй байсан бөгөөд асуудлыг өөр аргаар шийдвэрлэх боломжтой байсан гэжээ.
Харин баасан гарагийн шүүх хуралд биечлэн оролцохгүй гэдгээ өмнөх өдөр нь өмгөөлөгчдийн багаараа дамжуулан мэдэгдсэн Юн Сок Ёл өөрийг нь буруутгасан бүхий л хэрэгт буруугүй хэмээн няцаагаад байгаа билээ. Түүний өмгөөлөгчдийн багийн зүгээс нийгмийн дэг журмыг сахиулах болон ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг харгалзаж үзээд шүүх хуралд оролцохгүй байхаар шийдсэн гэсэн юм.
Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг эрх баригч Ард Түмний Хүч нам хүлээн авч байгаагаа мэдэгдлээ. Мөн сөрөг хүчний Ардчилсан намын зүгээс Юн Сок Ёлыг импичментээр огцруулахыг дэмжсэн Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг “ард түмний ялалт” хэмээн тодорхойлж, хүлээн авч байгаагаа мэдэгдээд байна.
Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийн дагуу Юн Сок Ёлыг ерөнхийлөгчийн албан тушаалаас нь нэн даруй буулгаж, 60 хоногийн дотор ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахаар болж байгаа бөгөөд ээлжит бус сонгуулийг 6-р сарын 3-ны өдөр явуулна гэсэн таамаг гараад байна.
БНСУ-ын шинэ төрийн тэргүүн сонгогдон тангараг өргөж, албандаа орох хүртэл ерөнхий сайд Хан Доксу ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн ажиллах болно.
Харин экс-ерөнхийлөгч Юн Сок Ёлын хувьд цэргийн онц байдал зарласан хэрэгтэй холбоотойгоор түүнийг төрийн эсрэг бослого гаргасан гэх үндэслэлээр давхар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Тэрээр БНСУ-ын түүхэнд эрүүгийн хэргээр шалгагдан шүүгдэж байгаа анхны ерөнхийлөгч болсон билээ.