“Orange Entertainment”-ийн шинэ бүтээл “Мөрч” киноны залуу жүжигчин Э.Төгсжаргалыг энэ удаагийн ярилцлагдаа урилаа. Түүний хамгийн анхны кино нь “Мөрч” юм. Тэрээр жүжигчин мэргэжлээр суралцах хугацаандаа 3 кинонд тоглоод амжжээ.
-Одоо сурч байгаа юу. Ер нь яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болов?
-Одоо жүжигчин мэргэжлээрээ СУИС-д суралцаж байгаа. Би багаасаа л шүлэг уншдаг, дуулж, бүжиглэдэг хүүхэд байсан. Багийн мөрөөдлөө биелүүлсэн гэж хэлж болно. Хүүхэд байхдаа сэтгүүл хуйлж барьчхаад, сандал дээр зогсон, юм уншдаг байсан гэж ээж, аав ярьдаг.
-“Мөрч” кинонд тоглох болсон талаараа хуваалцаач. Сонгон шалгаруулалтад оролцсон уу. Эсвэл киноны багийнхан санал тавьсан уу?
-“Мөрч” киноны 1-р шатны шалгаруулалт цахимаар явагдаад, анкет бөглөж явуулсан. Тэгсэн чинь “2-р шатанд тэнцсэн байна. Ирж оролцоо” гээд ярьсан. Тэр үед би Сэлэнгэ аймагт байж таарсан. Тэгээд үүрийн таван цагт унаанд сууж Сэлэнгээс гараад, хотод орж ирээд, шууд шалгаруулалтад очсон. Очиж уулзахад “Чамд ийм дүр байгаа. Ийм сценүүд байна” гэж хэлсэн.
Миний анхны кино, анхны дүр байсан учраас айж байсан л даа. Тэгээд гараад, аав руугаа залгаад “Надад ийм дүр байна. Ийм сценүүдэд тоглох юм байна. Яах уу” гэж асуусан. Тэгсэн чинь аав “Миний охин наадах чинь түүхэн кино гэсэн биз дээ. Тэгвэл тогло. Яадаг юм. Урлаг бол урлаг шүү дээ” гэж хэлсэн. Аавын тэр үгэнд урамшаад, зүтгэе, хичээе гээд зориглосон доо.
–Хандаагийн дүр ямар байсан бэ. Тоглоход хэцүү байв уу?
-Хандаагийн дүр надад нэлээн хүнд байсан. Миний хувь хүнээс тэс өөр. Би аль болох гадагшаа, нээлттэй төрлийн хүн бол Хандаа илүү дотогшоо, чимээгүй дүр байсан.
–Чиний тоглосон хэсгүүдээс сэтгэлд үлдсэн, мартагдахааргүй хэсэг байгаа юу?
-Хамгийн гоё, сэтгэлд үлдсэн, миний хамгийн хайртай хэсэг нь борооноор модны дор зогсоод, Агьтай анх танилцдаг хэсэг. Тэр хэсгийн зургийг 10-р сарын сүүлээр авсан. Аймаар хүйтэн байсан. Нөмгөн дээлтэй, бороонд норчихсон, эрүү чичрээд байсан ч хэцүү байна гэж хэлээгүй. Энэ хэсэгт би маш их хайртай.
–Анхныхаа кинонд тоглосны дараа жүжигчин мэргэжил хэцүү юм байна, больё гэж шантарсан үе байв уу?
-Надад ерөөсөө тийм бодол орж ирээгүй. Улам илүү дурлаж, зохиолоо задлах, дүр дээрээ ажиллах хүртэл надад маш гоё санагдаж эхлээд, энэ ажлыг л хийж байх нь надад гоё байсан. Бүр илүү их дурласан.
-“Амьдрал” киногоор чамайг хүмүүс анх мэддэг болсон байх. Гэтэл “Мөрч” киноны дараа зураг авалтдаа орсон хэр нь “Амьдрал” түрүүлээд дэлгэцэнд гарчихсан юм байна. Тийм үү?
-Тийм. “Мөрч”, “Амьдрал” хоёр киноны зураг авалтад зэрэг оролцсон. Зураг авалтууд нь ойрхон болсон болохоор 30 минутад ирж, очоод л. Тэгээд “Амьдрал” кино түрүүлж, “Мөрч” киноны зураг авалт дараа нь дууссан.
–Гэр бүлийнхэн чинь хэр их дэмждэг вэ?
-Манай гэрийнхэн намайг маш сайн дэмждэг. Аав, ээж хоёр миний тоглосон кино, ярилцлагуудыг алгасахгүй үзэж, дахин дахин шэйрлэдэг /инээв/.
Анх манай аав, эгч хоёр намайг жүжигчин болгохгүй, нягтлан болгоно гэдэг байсан. Дорнод аймагт сурч байхдаа “Хотод очиж, СУИС-ийн драмын ангид ороод, жүжигчин болно” гэсэн чинь аав “Юу яриад байгаа юм. Чамайг тийш нь явуулчхаад юу бодоод байж байх юм” гээд дургүйцээд зөвшөөрөөгүй. Аав, эгч хоёр маань аажмаар хүлээн зөвшөөрсөн. Ээж бол анхнаасаа бүх л зүйлд дэмждэг байсан.
–Урлагийн хүмүүсийн ард бат зогсдог гэр бүл, дэмжиж хамтарч ажилладаг байгууллагууд гээд олон хүн бий. Шат ахих тусам тэдний итгэлийг алдахгүй юм сан гэдэг асар их хариуцлага ирдэг байх, тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Манай эмээ намайг 12-р ангид байхад өөд болсон. Тэр үед би СУИС-ийн лицейд сурч байсан. Нэг амралтаар очиход эмээ намайг үнсээд “Миний охин ямар мэргэжилтэй болох гэж байна” гээд асуухад нь би “Жүжигчин болно” гэж хэлсэн /уйлав/. Тэгээд эмээдээ өгсөн амлалт, намайг дэмждэг аав ээж, намайг үнэлж кинондоо тоглуулдаг хүмүүс гээд маш олон хүний итгэлийг алдахгүйн тулд би хичээх ёстой гэж боддог.
–Тоглохыг хүсдэг дүр байгаа юу?
-Би өмнө нь бороотой сценд орж үзэхийг хүсдэг байсан. Тэгээд “Мөрч” кинонд тоглоход, хүсэж байсан бороотой хэсэгтээ тоглосон. Одоо би романтик кинонд тоглож үзэхийг хүсэж байгаа. Гоё романтик, хайрын кино. Ийм гоё хайр надад учраасай гэж бодогдуулах.
-“Мөрч” киноны зургийг хөдөө авсан. Ямар байсан бэ?
-Би эхний очсон өдрөө уйлсан. Яагаад гэхээр эхний өглөө гэр хүйтэн байсан учраас дулаан орноосоо босох аймаар хэцүү байсан. Яг босох гэж байсан чинь гаднаас “Хандаа, нүүрээ будуулаарай” гээд дуудсан. Яаж босох вэ гэж байтал тэр үгийг сонсоод шууд уйлсан. Маргаашаас нь дасаж эхлээд, “Гялс босоод хувцсаа өмсчихвөл даарахгүй. Гялс бос, Төгс өө” гээд л өөртэйгөө яриад эхэлсэн дээ. Эхний өдрүүд бол хүнд байсан.
–Хамт тоглосон жүжигчид чинь туршлагатай жүжигчид байсан. Тэднээс их зүйл сурч мэдсэн байх?
-Хамт тоглосон жүжигчид маань туршлагатай, мундаг хүмүүс байсан. Би эхэндээ сүрдэж байсан л даа. Би энэ хүмүүстэй ажиллах юм байх даа гээд эхэндээ итгэхгүй байсан. Тэгээд аргагүй мундаг жүжигчид учраас надад маш их тусалж дэмжсэн. “Миний охин найруулагч чамаас ийм юм хүсээд байна. Ингээд байна“ гээд л. Би хамгийн жаахан нь байсан учраас намайг их хайрласан. Маш гоё байсан.
–Чи ямар жүжигчин байхыг хүсдэг вэ?
-Мэргэжлээсээ шантрахгүй, эцсийг нь хүртэл явна. Бүх зүйлээ зориулна гэж боддог. Өөрөө хичээгээд, өгсөн, олдсон дүр болгоноо чадах хэмжээндээ гаргаад явж байхад, цагийн эрхээр миний хүссэн зүйлс хүрээд ирэх байх гэдэгт итгэж байна.