Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч дээрх шийдвэрийг пүрэв гарагт танилцуулсан байна.
Олон улсын эрүүгийн шүүхээс гарч байгаагаа зарласан Унгар улсын дээрх шийдвэр нь тус улсад хийж буй Израилын Ерөнхий сайд Б.Нэтаньяхугийн айлчлалтай давхцав. Өнгөрсөн оны 11-р сард Олон улсын эрүүгийн шүүх Б.Нэтаньяхуг Газын зурваст дайны болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж, баривчлах тушаал гаргасан билээ.
Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн улс орнууд шүүхээс гаргасан тушаалыг биелүүлж, хамтран ажиллах үүрэг хүлээдэг ч бодит байдал дээр заавал биелүүлэх шаардлагагүй гэдгийг харуулсан олон жишээ байдгийн нэг нь манай улс болсон юм.
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны тэргүүлсэн Засгийн газар Израилыг дэмжсэн байр суурьтай байна. Унгар улс Б.Нэтаньяхуг баривчлахгүй гэдгээ удаа дараа илэрхийлж байснаас гадна ОУЭШ-ээс Израилын Ерөнхий сайдыг баривчлах тушаал гарсан даруйд Виктор Орбан түүнийг эх орондоо айлчлахыг урьж, шүүхийн тушаал Унгар улсад үйлчлэхгүй хэмээн мэдэгдэж байсан юм.
Израилын Ерөнхий сайдтай хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан ОУЭШ-ийг улс төрийн зорилгоор Б.Нэтаньяхуг баривчлах тушаал гаргасан хэмээн шүүмжилсэн бол Б.Нэтаньяху ОУЭШ-ээс гарахаар болсон Унгар улсын шийдвэрийг “Зоримог хийгээд зарчимч шийдвэр байлаа” хэмээн магтан сайшааж, “Авлигад идэгдсэн дээрх байгууллагын эсрэг зогсох нь ардчилсан орнуудын хувьд маш чухал хэрэг” гэжээ.
Өдгөө 125 гишүүнтэй Олон улсын эрүүгийн шүүхийг анх үүсгэн байгуулалцсан Унгар улс ийнхүү тус байгууллагын гишүүнчлэлээс татгалзсанаар ОУЭШ-ээс гарсан анхны ЕХ-ны гишүүн орон болж байна.
Гэвч ОУЭШ-ээс гарах тухай албан ёсны бичгээр илэрхийлсэн хүсэлтээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад ирүүлснээс хойш дүрмийн дагуу нэг жилийн дараа гардаг. Унгар улс гарах хүсэлтээ бичгээр илэрхийлээгүй байгаа тул ОУЭШ-тэй хамтран ажиллах үүрэг хүлээсэн хэвээрээ байгаа гэдгийг ОУЭШ-ийн хэвлэлийн төлөөлөгч Фади Эл Абдулла хэлсэн байна.