Д.Трамп лхагва гарагт Цагаан ордны гаднах Роуз Гарден цэцэрлэгт хүрээлэн “харилцан тэгш тариф ногдуулах тухай” ерөнхийлөгчийн хоёр захирамжид гарын үсэг зурж, 100 орчим худалдааны түнш улс орнуудад 10 хувийн үндсэн импортын тарифыг ногдуулахаар тогтоосноос гадна зарим улс орнуудад илүү өндөр импортын тарифыг ногдуулж байгаагаа зарласан билээ.
Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын харилцан тэгш тариф ногдуулах тухай зарлигийг АНУ-ын худалдааны түнш улс орнууд хурцаар шүүмжлэн, эсэргүүцлээ илэрхийлээд байна.
Австралийн ерөнхий сайд Энтони Албанез тарифын асуудлаар хэвлэлийн бага хурал хийж, АНУ-ын дээрх шийдвэр нь “логик үндэслэлгүй”, “түншүүдийн хооронд хийгддэг үйл ажиллагаа биш” хэмээн няцаажээ. Мөн тэрээр Австрали улс АНУ-ын бараа бүтээгдэхүүнд харилцан тэгш татвар ногдуулах хариу арга хэмжээ авахгүй, үнийн өсөлтийг удаашруулахад хүргэсэн сөрөг өрсөлдөөнд оролцохгүй гэж мэдэгджээ.
Ирландын ерөнхий сайд Микаэл Мартин АНУ-ыг ЕХ-ны импортын бараа бүтээгдэхүүнд 20 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргасанд гүнээ харамсаж байна гээд, “Ирланд улс нээлттэй, чөлөөт худалдаанд итгэдэг бөгөөд татвар ногдуулах нь дэлхийн эдийн засагт ашиггүй, ЕХ болон АНУ-ын хоорондох өдөр тутмын бараа, үйлчилгээний худалдаа 4.2 тэрбум еврог давж байна, ийм нөхцөлд АНУ-аас татвар ногдуулсан нь ямар ч үндэслэлгүй зүйл” хэмээн хэлсэн байна.
Бразил улсын засгийн газраас гаргасан мэдэгдэлд “АНУ-ын ногдуулаад байгаа харилцан тэгш татвар гэгч нь харилцан ашигтай байх гэсэн хэллэг, гэвч энэ нь бодит байдалтай нийцэхгүй, Бразил улс өөрийн үйлдвэрлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах болно” гэжээ.
БНХАУ-ын ГХЯ-ны зүгээс мөн хариу мэдэгдэл хийсэн байна. АНУ Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд 34%-ийн тариф ногдуулснаас гадна жижиг овор хэмжээтэй ачаа барааг татвараас чөлөөлдөг байснаа цуцласан юм. Тэгвэл Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ “АНУ-ын импортын тарифыг нэмэгдүүлсэн явдал нь ДХБ-ын дүрмийг ноцтой зөрчиж, дүрэм журамд суурилсан олон талт худалдааны тогтолцоог ноцтойгоор хохироож буй үйлдэл, Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж, шаардлагатай арга хэмжээ авч, өөрийн зүй ёсны ашиг сонирхлоо тууштай хамгаалах болно, уудалдааны дайн, гаалийн татварын дайнд ялагч гэж байдаггүй гэдгийг Хятад улс удаа дараа онцолсон, буруу үйлдлээ залруулж, эрх тэгш, хүндэтгэх, харилцан ашигтай байх хэлбэрээр Хятад болон дэлхийн бусад улс орнуудтай зөвшилцөж, худалдааны санал зөрөлдөөнөө шийдвэрлэхийг Хятадын тал Америкт шаардаж байна” гэжээ.
Түүнчлэн ЕХ-ны зүгээс хариу арга хэмжээ авахаа илэрхийлсэн бол Дэлхийн худалдааны байгууллагын зүгээс ч АНУ-ын шийдвэрт гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд байна.
Мөн Трампын шийдвэрийн дараагаар олон улсын хөрөнгийн биржүүдийн голлох индексийн ханшууд унаж эхэлсэн байна. Тодруулбал, пүрэв гарагийн арилжаагаар Америкийн S&P 500 индекс 4.8%-иар буурч, 2 их наяд ам.долларын алдагдал хүлээгээд байгаа бол мөн Dow Jones индекс 4%, Nasdaq индекс 6%, Хонконгийн Ханг Сенг индекс 1.2%-ийн уналт үзүүлжээ. Баасан гарагийн өглөөний арилжаагаар Японы Никкей 225 индекс 1.8%, Өмнөд Солонгосын Kospi индекс 1%, Австралийн ASX 200 индекс 1.4%, Их Британийн FTSE 100 индекс 1.5%-иар унаад байна.
Эсрэгээрээ алтны үнэ өсөж, пүрэв гарагт нэг унц алт $3167.57 хүрч ханшийн шинэ дээд хэмжээг тогтоосныхоо дараа буцаад буужээ. Түүнчлэн ам.долларын бусад улс орны валютын эсрэг ханш суларч эхэлсэн байна.