3-р сарын 28 буюу өнгөрсөн баасан гарагт Мьянмар улсад тохиосон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд амиа алдсан хүний тоо долоо хоногийн дараа 3100-г давж, гэр орноо алдсан иргэд маш хүнд орчин нөхцөлд өдөр хоногийг өнгөрүүлсэн байдалтай байна.
Мьянмар улсын төр засгийн эрхийг цэргийнхэн удирдаж байгаа бөгөөд хамгийн сүүлд өгч буй мэдээллээр газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 3145, бэртэж гэмтсэн хүний тоо 4589, сураггүй болоод байгаа хүний тоо 221 байна.
Хэдийгээр газар хөдлөлтийн голомт тус улсын төвийн хэсэгт байсан ч нийт улсын хэмжээнд үлэмж хэмжээний гарз хохирол тохиогоод байгаа юм. Тус улсын нийслэл Нейпьидо, түүний дараа орох Мандалай зэрэг томоохон хотуудад олон тооны байшин барилгууд нурсны дотор эмнэлгийн барилгууд нурсны улмаас яаралтай тусламж үйлчилгээ шаардлагатай хүмүүст хүрч очиж чадахгүй байгаа талаар мэдээлж байна. Түүнчлэн орон гэргүй болсон олон мянган хүн гадаа хоног төөрүүлж, хүнд орчин нөхцөлд амьдарсаар байна.
Гамшгийн дараах тусламжийн ажилд хөрш зэргэлдээх Хятад, Энэтхэг, Япон гэх зэрэг олон улс орнууд оролцож, хандив тусламж, онцгой байдлын болон эмнэлгийн мэргэжилтнүүдийн багуудаа илгээн, эрх хайх аврах, эмчилж сувилах зэрэгт дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллаж байна.
Одоогийн байдлаар газар хөдлөлтийн учруулсан нийт хохирлын хэмжээг тогтоож амжаагүй байна.
Газар хөдлөлтөд нэрвэгдээд байгаа Мьянмар улсын төрийн эрх мэдлийг гартаа оруулсан цэргийнхний эсрэг дайтаж байгаа өөрсдийгөө Үндэсний эв нэгдлийн засгийн газар хэмээн нэрлэсэн ардчиллыг дэмжигч хүчний зүгээс 3-р сарын 30-наас эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд галаа зогсоож байгаагаа өмнө нь мэдэгдсэн бол энэ долоо хоногийн лхагва гарагт цэргийнхний зүгээс мөн энэ сарын 22-ны өдөр хүртэл түр хугацаанд гал зогсоож байгаагаа мөн албан ёсоор зарлан мэдэгдсэн юм.
Гэвч газар хөдлөлтөд өртсөн зарим хэсэг байлдаан өрнөсөөр байгаа тул хүмүүнлэгийн ачаа бараа, дэмжлэг үйлчилгээ зорьсон газартаа хүрч очиж чадахгүй байгаа тохиолдлууд мэр сэр гарсаар байгааг эх сурвалжууд мэдээлж байна.