horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Дани улс, Гренланд арлын зүгээс АНУ-ын эсрэг нэгдмэл байр сууриа илэрхийллээ

post-img

Дани улсын газар нутгийн бүрэлдэхүүнд багтдаг Гренланд арлыг АНУ-д өгөхгүй гэсэн нэгдмэл байр суурийг Данийн ерөнхий сайд Метте Фредериксен Гренланд аралд хийсэн албан айлчлалынхаа үеэр мэдэгдсэн байна.

Гренланд арлыг АНУ-д нэгтгэж авна гэсэн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын удаа дараагийн мэдэгдэлд хариу болгож ийнхүү Дани улс болон Гренланд арлын нэгдмэл байр суурийг илэрхийллээ.

Данийн ерөнхий сайд Метте Фредериксен Гренланд арлын шинээр сонгогдсон ерөнхий сайд Йенс-Фредерик Нильсен, түүний өмнөх ерөнхий сайд Муте Эгеде нарын хамтаар пүрэв гарагт дээрх мэдэгдлийг хийж, АНУ-ын аюул заналхийллийн эсрэг зогсч байгаагаа харуулжээ.

Данийн ерөнхий сайд Метте Фредериксен Гренланд аралд 3 хоногийн хугацаатай албан айлчлал хийж байгаа бөгөөд пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ Дани улс хойд туйлын бүс нутаг дахь батлан хамгаалах, цэргийн оролцоогоо нэмэгдүүлж байгаагаа онцлохын сацуу бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах тал дээр ойр хамтран ажиллах саналыг АНУ-д тавьжээ.

Тэрээр Гренланд шинэ болон экс ерөнхий сайдуудын хамт нийслэл Нүүк хотын эргийн ойр орчмоор Данийн тэнгисийн цэргийн харуулын усан онгоцоор аялсан байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын дэд ерөнхийлөгч ЖД Вэнсийн тэргүүлсэн АНУ-ын баг төлөөлөгчид Гренланд аралд зочилсон явдлыг Гренланд болон Данийн эрх баригчид хурцаар шүүмжилсэн юм. АНУ-ын дэд ерөнхийлөгч Гренланд аралд зочлох үеэрээ аюулгүй байдлын шалтгаанаар Гренландыг АНУ-ын хяналтан дор оруулах Д.Трампын байр суурийг ахин илэрхийлж, Дани улсыг бүс нутгийн аюулгүй байдалд хангалттай хөрөнгө мөнгө төсөвлөхгүй байна хэмээн шүүмжилсэн билээ.

0/1000