ОХУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч, Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал Кирилл Дмитриев АНУ-д хүрэлцэн очиж, АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааны “гол чухал төлөөлөгчидтэй” яриа хэлэлцээ явуулснаа баасан гарагт мэдэгдлээ.
Тэрээр 2022 онд эхэлсэн Украины дайнаас хойш АНУ-д айлчилж, Вашингтонд хэлэлцээ хийсэн Оросын анхны төр засгийн албан тушаалтан болоод байна.
New York Times, Washington Post зэрэг сонины мэдээлснээр Оросын тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев энэ сарын 2-ны өдөр Вашингтон хотноо Д.Трампын Ойрхи Дорнодын асуудал хариуцсан тусгай элч төлөөлөгч Стив Уиткоффтой уулзсан бол 3-ны өдөр Бүгд найрамдах намын сенатч, хууль тогтоогчид болон бусад албаны хүмүүстэй уулзжээ.
Харин Кирилл Дмитриев мэдэгдэлдээ Трампын засаг захиргааны ямар өндөр дээд албан тушаалтнуудтай уулзсан талаараа тодорхой мэдээлээгүй байна. Тэрээр хэлэхдээ АНУ Оросын байр суурийг сонсч, яриа хэлэлцээ явуулахад бэлэн байгаа нь харагдсан бөгөөд мөн Орос-Америкийн харилцааг сэргээх асуудал яриа хэлэлцээний голлох сэдвүүдийн нэг байсыг онцолжээ.
Мөн ковидын цар тахлын эхэн үеэр тасарсан Орос, Америкийн хоорондох агаарын харилцааг эргэн сэргээх боломж, хойд туйлын бүс нутгийн хамтын ажиллагаа, ашигт малтмал, газрын ховор элемент олборлох зэрэг асуудлуудын талаар хэлэлцсэнийг Кирилл Дмитриев тодотгосон байна.
Тэрээр хоёр талын нэгдсэн тохиролцоонд хүрэхийн тулд ахин олон тооны уулзалт, хэлэлцээ хийх шаардлагатайг хэлсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар яриа хэлэлцээний үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины гарган тавьсан Украины дайныг төгсгөх, гал зогсоох тохиролцооны урьдчилсан нөхцөл, боломжийн талаарх саналуудыг хэлэлцжээ.
Харин Цагаан ордны зүгээс Оросын тусгай төлөөлөгч Кирилл Дмитриевтэй явуулсан яриа хэлэлцээний талаар албан ёсны мэдээлэл хараахан гаргаагүй байна.