horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Нью-Йорк хотод нисдэг тэрэг осолдож, 6 хүн амиа алдлаа

post-img

Нью-Йорк хотын Хадсон голын усанд нисдэг тэрэг унаж осолдсоны улмаас 6 хүн амиа алдсаны дотор 3 хүүхэд багтсан талаар хотын дарга Эрик Адамс мэдэгджээ. Түүний хэлснээр Нью-Йорк хотод аялал жуулчлалын зорилгоор Испаниас ирсэн гэр бүлийн 5 гишүүн болон нисдэг тэрэгний нисгэгч нар амь үрэгдсэн байна. Нью-Йорк хотын дарга Эрик Адамс нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлжээ.

Орон нутгийн цагаар пүрэв гарагийн 15:17 минутанд Хадсон голын усанд нисдэг тэрэг осолдлоо гэсэн олон тооны дуудлагууд иргэдээс ирсэн бөгөөд ослын газарт цаг алдалгүй очсон цагдаагийн албан хаагчид 4 хүний цогцсыг гарган авсан бол өөр хоёр хүнийг эмнэлэгт хүргэх явцад нас барсан талаар Нью-Йорк хотын цагдаагийн газрын дарга Жессика Тиш мэдээлжээ.

New York Helicopter Charter хэмээх тусгай үүргийн нисдэг тэрэгний үйлчилгээ үзүүлэгч аялал жуулчлалын компанид харьяалагдах Bell 206L-4 LongRanger IV загварын тус нисдэг тэрэг нь 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2029 он хүртэл хүчинтэй ашиглалтын гэрчилгээг 2016 онд авч байсан агаарын тээврийн хэрэгсэл байсан байна. 

Нисдэг тэрэг Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэг дэх нисдэг тэрэг хөөргөх байршлаас орон нутгийн цагаар пүрэв гарагийн 14:59 минутанд хөөрч, Эрх чөлөөний хөшөө орчмоор тойрон нисэж байгаад 16 орчим минутын дараа хяналтаа алдан огцом доошилж, голын усанд унасан болохыг FlightRadar24 вебсайт мэдээлж байна. 

Осол гарах үед үүлэрхэг хэдий ч үзэгдэх орчин сайн байсан бөгөөд салхины хурд 7 м/с байсан талаар цаг уурын вебсайтууд мэдээлж байжээ.

Дээрх ослын шалтгааныг олж тогтоох мөрдөн шалгах ажлыг АНУ-ын Холбооны агаарын тээврийн алба, Үндэсний зам тээврийн аюулгүй байдлын хороо хамтран эхлүүлээд байна.

0/1000