horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Италийн “Prada” компани өрсөлдөгч “Versace” брэндийг худалдаж авахаар тохиролцжээ

post-img

Италийн хувцас загварын томоохон компани болох “Prada” өрсөлдөгч “Versace” брэндийг 1.3 тэрбум ам.доллароор худалдаж авах гэрээг “Capri Holdings” компанитай пүрэв гарагт байгуулсан байна. Тохиролцоо ёсоор “Prada” компани “Versace” брэндийн бүх өр зээлийг давхар хариуцаж, дааж авахаар болсон байна.

Ийнхүү Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын хоёр том брэнд нэгдсэнээр салбартаа тэргүүлэгч Францын LVMH үндэстэн дамнасан компанийн эсрэг өрсөлдөх хүчээ улам бэхжүүлээд байна. “Бид “Versace” брэндийн нэр хүнд, үүх түүх, өв уламжлалыг үргэлжлүүлэхийг зорьж байна” хэмээн “Prada” компанийн тэргүүн Патрицио Бертелли мэдэгдсэн байна. Түүний эхнэр Миуччиа Прада тус компанийн ахлах загвар зохион бүтээгчээр ажилладаг. Хос “Prada” компанийн тэргүүлэх хувьцааг эзэмшдэг.

“Versace” бол асар их боломж бүхий брэнд. Биднийг урт удаан аялал хүлээж байгаа. Үүнд тэсвэр тэвчээр, сахилга бат шаардагдах болно” хэмээн “Prada” компанийн гүйцэтгэх захирал Андреа Гуерра мэдэгджээ.

“Versace” брэндийн уран бүтээл эрхэлсэн захирлын ажлаа өгөөд удаагүй байгаа загвар зохион бүтээгч Донателла Версаче мөн хоёр компанийн хамтралыг өндрөөр үнэлсэн байна. Тэрээр “Versace” брэндийг үүсгэн байгуулагч, төрсөн ах Жианнигийн хамтаар “Prada” брэнд болон Миуччиа, Патрицио, тэдний гэр бүлийг үргэлж биширч явдаг байснаа онцолж, “Чадах чинээгээрээ энэхүү шинэ түншлэлийг дэмжих болно” гэжээ.

Харин “Versace” брэндийг “Prada”-д худалдахаар болсон Америкийн “Capri Holdings” компанийн гүйцэтгэх захирал Жон Айдол энэхүү гэрээг хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, компанийн санхүүгийн тайланг бэхжүүлэх, “Michael Kors”, “Jimmy Choo” брэндийн ирээдүйн өсөлтийг дэмжихэд үр ашигтай хэлцэл болсныг онцолсон байна.

0/1000