horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Э.Батшугар: Зээлийн онооны зарчим хэрэгжсэнээр хар жагсаалт байхгүй болж, зээлийн хүү буурна

post-img

УИХ-аар Зээлийн мэдээллийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл хэлэлцэгдэж эхэлсэн. Энэ хуулийн төсөл батлагдвал банкнуудын зээл олгох шалгуур эрс хөнгөрөх юм. Хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Э.Батшугартай ярилцсанаа одоо хүргэе.

-Өчигдөр хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга “Банкнууд дэргэдээ банк бус санхүүгийн байгууллага байгуулж тэдэндээ зээл олгож иргэдийг хүүлэх ажиллагааг хамтад нь явуулж байна” гэж мэдэгдсэн. Зээл олголтын асуудлыг шийдэх хуулийн төсөл боловсруулсан гишүүний хувьд та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Би УИХ-ын даргатай санал 1 байна. Банкнууд банк бусуудад зээл олгоод тэр мөнгөөр нь банк бусууд иргэдээс мөнгө хүүлдэг. Уг нь банкнууд иргэдэд зориулж зээлийн үйлчилгээ гаргаж хөрөнгө оруулалтын зээл гаргаж байх үүрэгтэй. Эдийн засгаа тэтгэж байх үүрэгтэй тогтолцоо юм шүү дээ. Нэгэнт банк санхүүгийн системд ийм гажилт үүссэн учраас зохицуулалт бий болгох шаардлага үүсжээ гэж харж байна. Банканд ямар охин компанитай байж болох талаар болоод ямар тохиолдолд банкнууд банк бус санхүүгийн байгууллагад зээл олгож болох вэ? гэдгийг зохицуулж өгөх шаардлага үүссэн. Эцсийн дүндээ банканд байгаа мөнгө банкны өөрийн мөнгө биш. Иргэдийн хадгаламжийн мөнгө, аж ахуйн нэгжүүдийн мөнгө. Гэтэл бусдын мөнгийг захиран зарцуулах эрхийг эзэмшиж байгаагаараа давуу байдал үүсгээд байж болохгүй шүү дээ.

-Иргэд зээл авах хүсэлтэй. Энэ эрэлтийг үндэслээд банкнууд давуу эрх эдэлж иргэдэд маш өндөр шалгуур тавьсаар байна шүү дээ. Энэ асуудал таны өргөн барьж байгаа хуулиар шийдэгдэх боломж бий юу?

– Энэ хуулийн төслөөр банкнуудад үүссэн өнөөдрийн энэ хэт давуу эрх мэдлийг тодорхой хувиар хязгаарлана. Яаж вэ? гэхээр хүн бүр өөрсдийн гэсэн оноотой болчихно. Тэр оноогоо үзүүлээд дурын банкнаас зээл авах бололцоо үүснэ. Тодруулбал өнөөдөр хэд хэдэн том банкнууд байна. Хаан банк, Голомт банк, Төрийн банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк гээд. Эдгээр банкнууд бүгд өөр өөрийн гэсэн онооны системтэй. Тэр мэдээллээ хуваалцдаггүй. Иргэд өөр банк санхүүгийн байгууллагад хандах гэхээр шинээр баримт бичиг бүрдүүлнэ. Банк бүрийн өөр өөр шалгуурт нийцэх гэдэг иргэдийн өмнө томоохон сорилт болдог. Үүнээс болж зээл авах бүрд нь тодорхой хязгаарлалт үүсээд байдаг. Харин оноотой болчихвол ямар ч банк санхүүгийн байгууллагад нээлтэй хандах боломж нээлттэй.

-Иргэдийг утасны төлбөрөө төлөөгүй мартсан эсвэл кабелын төлбөрөө төлөөгүйгээс болоод хар жагсаалтад оруулдаг асуудал бий. Тэр асуудал шийдэгдэх үү?

-Энэ хуулийн төсөл батлагдвал иргэдийг жар жагсаалтад оруулдаг асуудал байхгүй болно. Иргэн утасны төлбөр төлөөгүй удаасныхаа төлөө хар жагсаалтад ороод санхүүгийн ял үүрчихдэг. Тэр төлбөрөө дараа нь төлсөн ч гэсэн хар жагсаалтаас бүтэн 6 жил гардаггүй. Ингэж иргэдийг хохироодог явдал бүрэн арилна. Хэрэв иргэн ямар нэгэн төлбөр төлөөгүй бол тухайн иргэний зээлийн оноо буурна. Төлсөн тохиолдолд буцаад механикаар өсдөг зарчим үйлчилнэ гэсэн үг. Энэ бол олон улсад мөрдөгддөг зарчим. Зээлийн онооны систем хэрэгждэг улс орнуудад зээлийн хүү маш бага байдаг. Монголд ч гэсэн зээлийн онооны систем хэрэгжиж эхэлсний дараа зээлийн хүү тодорхой хувиар буураад явах хөшүүрэг бий болно гэж тооцоолж байна. Түүнчлэн барьцаа хөрөнгөний асуудал бүрэн шийдэгдэнэ. Өнөөдөр үл хөдлөх хөрөнгөтэй буюу барьцаалах хөрөнгөтэй хүн л зээл авах бололцоотой. Хөрөнгөгүй хүн зээл авах боломж хаалттай байдаг. Харин зээлийн онооны систем үйлчлээд эхэлбэл барьцаа хөрөнгөний үүргийг тухайн иргэний зээлийн оноо шийдээд явна гэсэн үг. Би санхүүгийн сахилга баттай байж чадах юм бол миний зээлжих чадвар оноогоор дамжин өссөөр байна гэж ойлгож болно. Зээлийн оноо нь тухайн иргэний биет бус хөрөнгө болж байгаа юм л даа. Үүнийгээ дагаад итгэлцлийн зарчим манай банкны салбарт нэмэгдэнэ гэж харж байна. Яваандаа энэ бүх зохицуулалт чанаргүй зээлийн хувь  хэмжээг ч бууруулах боломжтой. Төслийг боловсруулах явцдаа нэлээн их судалгаа хийсэн. Энэ судалгаагаар чанаргүй зээлийн хувь хэмжээ 1,9 нэгж хувиар буурах төлөв ажиглагдаж байна. Одоогийн байдлаар Монгол улсын чанаргүй зээлийн хувь хэмжээ 5,7 хувьтай байгаа, энэ нь 4 хувь руу 3 хувь руу буурах бололцоотой. Систем өөрөө эрсдэлгүй болоод ирэхээр хүү буурах нь цаг хугацааны асуудал юм. Нийт хүүгийн 15 хувь нь зөвхөн эрсдэлд зориулагддаг. Алсдаа гадаадын банкнууд ч Монголд орж ирэх таатай орчныг бүрдүүлнэ. Иргэд маань олон улсын жишгээр оноожоод ирэхээр оноогоор нь зээл олгох гадаадын банкнууд ч их бий болох бололцоотой.

– Танд хар жагсаалтад орж хохирсон иргэдийн тухай мэдээлэл бий юу?

– Банк санхүүгийн байгууллагатай харилцаатай 1,6 сая иргэний 200 мянга нь хар жагсаалтад орчихсон байдаг. Хэрвээ энэ хууль батлагдвал дээрх 200 мянган иргэн хар жагсаалтаас гарч оноожоод явна гэсэн үг.

-Зээлийн хүү хэрхэн буурахыг тодруулахгүй юу?

– Нийт зээлийн хүүгийн 63 хувь нь эх үүсвэрийн зардал буюу хадгаламжийн хүүнд, 15 хувь нь эрсдэлийн зардалд зориулдаг. Тухайн иргэн зээлээ төлж чадахгүй бол сайн зээлдэгчийн хүүгээр зээлээ төлж чадаагүй иргэний эрсдэлийг дааж байгаа хэрэг л дээ. 22 хувь нь урсгал зардал буюу банканд ажиллаж байгаа хүмүүсийн зардал шингэдэг. Бидний хэмнэж бууруулж болох гол зүйл бол эрсдэлийн хүүнд л нөлөөлөх юм.

– Бид зээл авахын тулд зээл авахааргүй баян гэдгээ нотлох хэрэг гардаг тал бий шүү дээ. Энэ байдал  өөрчлөгдөх юм байна гэж ойлгож болох уу?

– 1,6 сая иргэний мэдээлэл өнөөдөр зээлийн мэдээллийн санд байна. Банк санхүүгийн байгууллагатай харилцдаг 1,6 сая иргэний 4,7 сая өгөгдөл бий. Дээрх өгөгдлийг л онооны системд оруулаад оноожуулаад явчихна гэсэн үг. Зээлийн онооны зарчим үйлчлээд ирэхээр иргэд хожихоос гадна банк санхүүгийн байгууллагуудад ч хөдөлмөр нь хөнгөвчлөгдөх бололцоо бүрдэнэ. Иргэнээ санхүүгийн сахилга баттай эсэхийг шууд таньдаг болно. Системийн эрсдэл нь буурч байна. Мөн өрсөлдөөн бий болно.

– Тухайлбал хэдэн оноотой байна гэсэн үг вэ?

– Олон улсын зарчмаар явагдана. Оноог тогтоодог компани Америкт бол 3 бий, Солонгост 2 компани бий. Үүний талаар Монгол банкийг би журмаа гаргаад оролцоорой гэж байгаа. Бид аль сайн жишгийг л нэвтрүүлнэ. Манай И-Монголиа систем азидаа сайндаа ордог. Монголын төлбөр тооцооны систем дэлхийд топ 10-т багтдаг. Яг үүн шиг т систем бүрдүүлэх хэрэгтэй.

-Зээлдэгчийн тухай асуудлыг ингэж шийдлээ гэхэд банкнуудыг хариуцлагажуулах асуудлыг хэрхэн хуульчлах вэ?

– Өнөөдрийн банкнуудын үйл ажиллагааг банкны тухай 2 хууль зохицуулдаг. Банкнуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах үүрэг нь Монгол банкны хяналт шалгалтын газарт бий. Энэ нь Монгол банкны үзэмжээр явах эрсдэлийг үүсгэж байгаа нь нууц биш. Банк санхүүгийн байгууллагын хяналтыг цаашид хуульчлах нь илүү найдвартай гэж бодож байна. Банк дэргэдээ охин компани байгууллаа гэж бодоход тэр нь санхүүгийн байгууллага байх уу үгүй гэдэгт хязгаар зааж өгөх ёстой. Банканд санхүүгийн үйлчилгээтэй охин компани байгуулахад хязгаар уг нь байдаг. Миний санаж байгаагаар банк тухайн охин компанийнхаа 20 билүү 10 хувиас илүүгүй хувийг эзэмших ёстой байдаг билүү дээ. Ер нь банк эдийн засгийн артерийн судас гэдэг утгаараа эдийн засгийг дэмжих үүрэгтэй. Тиймээс банкнууд мөнгө хүүлдэг байгууллагад зээл олгох нь буруу. Банкны үндсэн үйлчилгээ өөрөө зээл олгох шүү дээ.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

0/1000