horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Оскарын шагналын 100 жилийн ойд зориулан шинэ номинац нэмлээ

post-img

Америкийн Кино урлаг, шинжлэх ухааны академи 2028 онд зохион байгуулах Оскарын шагнал гардуулах 100 дахь удаагийн ёслолд шинэ номинац нэмснээ баасан гарагт танилцууллаа. Уг ёслолын үеэр тодруулах “Achievement in Stunt Design” хэмээх энэхүү шинэ төрөлд каскадёрууд буюу киноны орлон тоглогчид нэр дэвшин өрсөлдөх юм байна.

Шилдэг орлон тоглогчдод олгох анхны шагналд нэр дэвших болзол болон санал хураалтын журмыг Америкийн кино академи 2027 онд танилцуулахаар болсон. 2027 онд дэлгэцнээ гарах кинонд тоглосон орлон тоглогчид уг төрөлд өрсөлдөхөөр болж байна.

Уг шинэ номинацыг Оскарын шагналуудын төрөлд нэмж оруулан, кино урлагийн салбарт амь биеэ үл хайрлан зүтгэдэг орлон тоглогчдын хөдөлмөрийг үнэлэх санаачилгыг “John Wick”, “The Fall Guy”, “Bullet Train”, “Deadpool 2” зэрэг киногоороо алдартай найруулагч, продюсер Дэвид Лейч анх гаргаж байсан ажээ. Тэрээр кино найруулагчаар ажиллаж эхлэхээсээ өмнө өөрөө орлон тоглогч байсан гэнэ.

“Кино урлаг үүссэнээс цаг үеэс эхлэн хүнд, эрсдэлтэй үзэгдлүүдийг найруулах нь кино бүтээлийн салшгүй нэг хэсэг байсаар ирсэн. Орлон тоглогчдын хөдөлмөрийг үнэлэхээр болж байгаа нь үнэхээр бахархууштай. Бид орлон тоглогчдод баяр хүргэхийг хүсэж байна” хэмээн Америкийн кино академийн гүйцэтгэх захирал Билл Крамер, академийн ерөнхийлөгч Жанет Янг нар мэдэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар мэргэжлийн 100 гаруй орлон тоглогч Америкийн кино академийн харьяа продакшн болон технологийн салбарын гишүүнчлэлтэй байна. Үүнээс өмнө Оскарын наадамд кастинг буюу жүжигчдийн сонгон шалгаруулалтын багт олгох шинэ номинацыг өнгөрсөн жил нэмсэн юм. Ирэх жил болох 98 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр дээрх төрлийн анхны шагналыг гардуулах юм.

0/1000