Их Британийн хунтайж Харри пүрэв гарагт Украин улсад очиж, Superhumans эмнэлгээр зочилсон байна. Хунтайж Харри Украины Львов хотын Superhumans Center хэмээх эмнэлгийн нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж байгаа шархадсан цэргүүд болон иргэд, эмнэлгийн ажилтнуудтай уулзаж ярилцсан талаар түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Мөн тэрээр Украин улсын ахмад дайчдын асуудал эрхэлсэн сайд Наталья Калмыковатай уулзсан байна.
Украины Львов хот нь Оросын агаарын цохилтод тогтмол өртсөөр ирсэн тул Их Британийн хунтайжийг тус хотод зочлоод буцах хүртэл мэдээллийг чандлан нууцалсан байна.
Түүнтэй хамт Invictus Games Foundation сангийн төлөөллүүд дагалдан очсоны дотор дөрвөн ахмад дайчид багтсан байна.
Британийн армид 10 жил алба хаасан хунтайж Харри шархдаж, бэртэл гэмтэл авсан ахмад дайчдыг спортын тэмцээн уралдаанд оролцуулах зорилго бүхий Invictus Games Foundation санг 2014 онд үүсгэн байгуулж байсан түүхтэй.
Сангийн үйл ажиллагааны хүрээнд паралимпын наадамтай ижил төстэй Invictus Games хэмээх спортын наадмыг зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн 2-р сард Канадын Ванкувер хотод зохиогдсон наадамд 23 улсын 500 гаруй ахмад дайчид оролцсон бол дараагийн Invictus Games спортын наадам 2027 онд Их Британийн Бирминхэм хотод зохион байгуулагдана.
Хунтайж Харригийн зочилсон Superhumans эмнэлэг нь хиймэл эрхтэн, нөхөн сэргээх мэс засал болон эмчилгээ, сэтгэлзүйн тусламжийг үнэ төлбөргүй үзүүлдэг эрүүл мэндийн төв юм.
Тэрээр тус төвийн гүйцэтгэх захирал Ольга Рудневагийн урилгаар зочилж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Өдгөө 40 настай Харри ийнхүү Украины дайн эхэлснээс хойш тус улсад очсон Их Британийн хааны гэр бүлийн хоёр дахь гишүүн боллоо. Өмнө нь түүний авга эгч, Эдинбургийн гүнгийн авхай Софи өнгөрсөн жил Украины Киев хотод мөн л урьдчилан мэдэгдэлгүйгээр айлчилж байсан юм.
Харригийн эцэг, Их Британийн эзэн хаан III Чарльз мөн Украины ерөнхийлөгч В.Зеленскийг өнгөрөгч сард Норфолк дахь Сэндринхэм эдлэндээ угтан авч, уулзсан билээ.