horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

2025 оны дэлхийн шилдэг нисэх буудлаар Сингапурын Чанги тодорлоо

post-img

Олон улсын нисэх онгоцны буудлуудын рейтингийг тодорхойлогч Skytrax байгууллагын зүгээс 2025 оны дэлхийн шилдэг нисэх онгоцны буудлаар Сингапурын Чанги буудлыг тодруулсан байна.

Skytrax-аас жил бүр гаргадаг “Дэлхийн шилдэг нисэх онгоцны буудал”-ын жагсаалтыг Сингапурын “Чанги” олон улсын нисэх буудал тэргүүлснээр ийнхүү 13 дахь удаагаа шилдгээр тодорлоо.

2024 оны Skytrax-ын эрэмбийг тэргүүлсэн Катарын Доха хотын Хамад олон улсын нисэх онгоцны буудал нэг байр ухарч, хоёрдугаарт бичигдсэн бол Сингапурын Чанги нисэх буудал энэ жил тэргүүн байраа эргүүлэн аваад байна.

Сингапурын Чанги олон улсын нисэх онгоцны буудал нь зорчигчдын бүртгэлийг нислэг эхлэхээс дээд тал нь 48 цагийн өмнө хийж, дээрх хугацаанд онгоцны буудалд амарч өнгөрүүлэх боломжийг олгодог бөгөөд 10 давхар худалдааны төв, олон тооны цэцэрлэгт хүрээлэнгүүд, 40 метр өндөр Rain Vortex хэмээх хиймэл хүрхрээ, зочид буудлууд, спа төвүүд, ресторан зоогийн газрууд, музей, кино театр, урлагийн үзэсгэлэн, үлэг гүрвэлийн сэдэвтэй хүрээлэн гэх зэрэг олон үйлчилгээг зорчигчдод санал болгодог байна. Зөвхөн дээр дурьдсан 10 давхар худалдааны төвд л гэхэд өнгөрсөн жил 80 сая гаруй хүн үйлчлүүлсэн тоо гарчээ. 2024 онд тус нисэх буудал гаалийн шалган нэвтрүүлэх хэсэгтээ хүний биометрийн мэдээллийг ашиглаж эхэлснээр зорчигчдын паспортыг шалгах шаардлагагүй болсон юм. Чанги нисэх онгоцны буудал мөн дэд бүтэц, барилга байгууламжийн шинэчлэлт болон үйлчилгээгээ сайжруулах зорилгоор ойрын 6 жилийн хугацаанд 2 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар тус нисэх буудлын 5 дахь терминалын барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд 2030-аад оны дунд үед ашиглалтад орсноор зорчигч хүлээн авах хүчин чадал жилд 50 саяаар нэмэгдэж, дэлхийн 200 гаруй чиглэлд үйлчилдэг болох юм.

Skytrax-ын “Дэлхийн шилдэг нисэх онгоцны буудал”-ын жагсаалтыг дэлхийн 565 нисэх онгоцны буудлын үйлчлүүлэгчдийн дунд явуулсан сэтгэл ханамжийн судалгааг гол үзүүлэлтээ болгон гаргадаг бөгөөд эхний 20 байрт Европын 9, Азийн 6, Ойрхи Дорнодын 3, Америк болон Австрали тивээс тус бүр нэг нисэх онгоцны буудал багтсан байна.

Ингээд 2025 оны дэлхийн шилдэг 20 нисэх онгоцны буудлын жагсаалтыг доор танилцуулья:

  1. Сингапурын Чанги нисэх буудал
  2. Катарын Хамад нисэх буудал
  3. Японы Ханеда нисэх буудал
  4. БНСУ-ын Инчеон нисэх буудал
  5. Японы Нарита нисэх буудал
  6. Хонконгийн олон улсын нисэх буудал
  7. Францын Шарль де Голлийн нисэх буудал
  8. Италийн Фиумичино нисэх буудал
  9. ХБНГУ-ын Мюнхены нисэх буудал
  10. Швейцарийн Цюрихийн нисэх буудал
  11. АНЭУ-ын Дубайн олон улсын нисэх буудал
  12. Финландын Хельсинки-Вантаа нисэх буудал
  13. Канадын Ванкуверын олон улсын нисэх буудал
  14. Туркийн Истанбулын нисэх буудал
  15. Австрийн Венийн олон улсын нисэх буудал
  16. Австралийн Мельбурны нисэх буудал
  17. Японы Чубу Центрэйр олон улсын нисэх буудал
  18. Данийн Копенгагены нисэх буудал
  19. Нидерландын Схипхолын нисэх буудал
  20. Бахрейны олон улсын нисэх буудал
0/1000