horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

2025 оны хичээлийн шинэ жилээс эхлэн БНХАУ-ын бүх бага, дунд сургуульд хиймэл оюун ухааны хичээл орж эхэлнэ

post-img

2025 оны 9-р сарын 1-нээс эхлэн БНХАУ-ын бүх бага, дунд сургуульд хиймэл оюун ухааны хичээл шинээр орж эхлэхээр болсон байна. Энэхүү хөтөлбөр нь ирээдүйд дэлхийн инновацийн салбарыг манлайлах чадвартай, технологийн өндөр мэдлэгтэй дараагийн үеийг төлөвшүүлэх Хятадын үндэсний төлөвлөгөөний нэг хэсэг болох юм гэнэ.

Хиймэл оюун ухааны технологийн хичээлийг нэгдүгээр ангиас нь эхлэн заах бөгөөд нэг хичээлийн жилд хамгийн багадаа 8 цагийн хичээл орох ажээ.

Тодруулбал, бага сургуульд хиймэл оюун ухааны технологийн үндэс (суурь мэдлэг), дунд сургуульд хиймэл оюун ухааны дадлагын программууд (сурагчдад зориулсан сургалтын программууд), ахлах сургуульд хиймэл оюун ухааны инноваци болон бодит хэрэглээ (робот, машины суралцахуй болон хиймэл оюуны хэрэглээний программууд) гэсэн хөтөлбөрийн дагуу хичээл орох юм байна.

Сургуулиуд сургалтын хөтөлбөртөө хиймэл оюун ухааны хичээлийг тусдаа хичээл болгож оруулах  эсвэл мэдээлэлзүйн хичээлийн нэг хэсэг болгон нэгтгэх эсэхээ тохируулах боломжтой гэнэ.  

Ийнхүү энэ намраас Хятад улс хиймэл оюун ухааны хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт багтаан оруулж, заахаар болж буй дэлхийн анхны улс болоод байна.

Боловсролын салбарын шинжээч мэргэжилтнүүд Хятад улсын энэхүү шийдвэрийг зөвхөн технологийн салбарт тэргүүлэгч болоод зогсохгүй мөн ирээдүйд чиглэсэн стратегийн зорилготой шийдвэр гэж харж байна. Түүнчлэн хиймэл оюун ухааны технологийг хязгаарлах эсэх дээр маргалдаж буй дэлхийн улс орнуудад Хятад улс энэхүү шийдвэрээрээ хүчтэй дохио өгч байгааг шинжээчид онцолж байна.

0/1000