Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга асан П.Батчулууныг хүний эд, эрхтнийг зөвшөөрөлгүй авсан гэм буруутайд тооцож, анхан шатны шүүх 2.6 жил хорих ял оноосон. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025.03.13-ны өдөр энэ хэргийг П.Батчулуун болон түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Б.Баяраа, Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, хянан хэлэлцээд, “П.Батчулууныг хууран мэхэлж хүний эд, эрхтэн авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд нь тохирсон байна” гэж үзэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн юм.
Хүмүүс түүнийг Ерөнхийлөгчөөс уучлал гуйгаад, хурдан хорих ангиас гарч, биеэ эмчлүүлэх хэрэгтэй гэж зөвлөж байгаа аж. Хэрвээ тэр уучлал гуйвал, Монгол Улсын Ерөнхийлөгчид хандвал уучилна гэдэгт олон хүн итгэж байна. Гэхдээ П.Батчулуун эмч өөрийнхөө амь, эрүүл мэндийг бодоод, хорих ангиас хурдан гарах зорилгоор уучлал гуйхгүй гэж ар гэрийнхэндээ хэлжээ. Хэрвээ уучлал гуйвал өөрийгөө төдийгүй уг донороос эд, эрхтэн авч, өөр хүнд шилжүүлэн суулгасан, 10 гаруй хүнд эрүүл амьдрал бэлэглэсэн бүх эмч, сувилагч, асрагч, лаборантыг гэм буруутай, алдаа гаргасан гэж гүтгэсэн болно гэж П.Батчулуун эмч үзэж байгаа аж. Энэ тухай түүний ар гэрийнхэн Time.mn-д өгсөн ярилцлагаа тодорхой хэлсэн юм. Хэрвээ уучлал гуйвал хорихоос суллагдсан ч тэр ялтан хэвээрээ үлдэнэ.
Тиймээс тэр Ерөнхийлөгчид биш, Улсын дээд шүүхэд ханджээ. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянуулахаар өмгөөлөгч нараараа дамжуулан гомдол гаргасан байна. Уг гомдлыг УДШ хүлээж авах эсэхээ нийт шүүгчийн хурлаараа шийднэ. Хэрвээ хүлээж авбал УДШ-ийн хэлэлцэх гомдлын жагсаалтад оруулж, хугацаа товлох юм.
Эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийдэг өндөр хөгжилтэй орнууд ийм асуудалд маш хянуур хандаж, тухайн эд, эрхтнийг хэнд шилжүүлэн суулгасан, тэгэхдээ төлбөр, үйлчилгээ авсан эсэхийг сайтар шалгадаг аж. Эрхтэн наймаалцсан, ашиг хонжоо олсон баримт байхгүй бол хэзээ ч эрүүгийн хариуцлага хүлээлгэдэггүй юм байна. Харин манай улс донорын зөвшөөрөл авсан эмчийг шоронд суулгасан анхны улс болоод байгааг Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах Дэлхийн холбоо онцолжээ.
2025-04-15 03:55:18
зөвшөөрөгдөөгүй эд эрхтэн авсан нь үнэн пм чинь…