horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Дан эмэгтэйчүүдээс бүрдсэн багийн сансрын аялал амжилттай болов

post-img

Дан эмэгтэйчүүдээс бүрдсэн багийн Blue Origin компанийн “New Shepard” хөлгөөр хийсэн сансрын аялал амжилттай болж, эх дэлхийдээ эргэн ирсэн байна.

Сансарт амжилттай нисээд ирсэн дан эмэгтэйчүүдээс бүрдсэн багт Америкийн поп дуучин Кэти Перри, Blue Origin компанийн эзэн, тэрбумтан Жефф Безосын сүйт бүсгүй Лорен Санчез, Америкийн CBS телевизийн хөтлөгч Гэйл Кинг, NASA-гийн судлаач, эрдэмтэн Айша Боув, иргэний эрхийн идэвхтэн Аманда Нгуен, кино продюсер Керианн Флинн гэсэн нийгмийн салбар бүрийн төлөөлөл болсон эмэгтэйчүүд багтжээ.

“New Shepard” сансрын хөлөг бүрэн автомат жолоодлоготой буюу жолоочгүй байжээ.

“New Shepard” сансрын хөлөг орон нутгийн цагаар даваа гарагийн өглөөний 08:30 цагт Техас мужийн баруун хэсгээс хөөрсөн бөгөөд багийнхны нислэг 11 минут орчим үргэлжилж, дэлхийгээс 100 км гаруй зайд хөөрөн сансарт гарч, хэсэг хугацаанд жингүйдэлтийг мэдэрсэн байна.

6 бүсгүй шүхэрт капсулаар эх дэлхийдээ аюулгүй, эсэн мэнд газардсан ба тэднийг Blue Origin компанийн эзэн, тэрбумтан Жефф Безос тосон авч, капсулын хаалгыг нээн гаргасан байна.

Жефф Безосын сүйт бүсгүй Лорен Санчез баярын нулимс унаган, “дан эмэгтэйчүүдээс бүрдсэн багаараа бахархаж байна, хэлэх ч үг олдохгүй байна, бид хөлгийн цонхоор сарыг, эх дэлхийгээ ойроос харсан” хэмээн хэлсэн бол түүний араас гарч ирсэн дуучин Кэти Перри хуурай газрыг үнсээд, “сансарт гарсныхаа дараа амьд яваагаа улам их мэдэрлээ” хэмээн хэлсэн байна.

Тэдний нислэгийг Клой Кардашиан, Опра Уинфри зэрэг олон алдартнууд дэлхийгээс, тусгай зориулалтын платформоос ажигласан байна.

Одоогоос 60 гаруй жилийн өмнө ЗХУ-ын сансрын нисгэгч Валентина Терешкова “Восток-6” хөлгөөр ганцаараа сансарт нисэж, сансарт ниссэн дэлхийн анхны эмэгтэй хүнээр тодорсноос хойш дан эмэгтэйчүүдээс бүрдсэн баг огт сансарт нисээгүй юм.

Гэхдээ хамгийн нам өндөрт дэлхийн татах хүчнээс гарч, богино хугацаанд жингүйдэлтийг мэдрүүлдэг энэ төрлийн сансрын нислэгийг сансар судлал, шинжлэх ухаантай ямар ч хамааралгүй, зөвхөн аялал төдий зүйл хэмээн шүүмжилдэг тал ч бий. Шүүмжлэгчид хүн төрөлхтний ирээдүйн сайн сайхан, тусын тулд шинжлэх ухааны судалгаа шинжилгээг явуулах зорилгоор тусгай бэлтгэгдсэн сансрын нисгэгчид л сансарт нисдэг болохыг онцолж, асар өндөр үнэтэй энэ төрлийн сансрын аяллыг хичнээн сайхан ч хүн төрөлхтөнд ямар нэгэн үр ашиггүй, чинээлэг хүмүүст зориулагдсан хий хоосон зүйлээс гадна хүрээлэн буй орчныг бохирдуулах сул талтай хэмээн маргадаг бол дэмжигчдийн зүгээс сансар судлалын инновацийг урагшлуулж, сансрыг хүн төрөлхтөнд улам ойртуулж байгаа хэмээн хамгаалдаг ажээ. 

Тэрбумтан Жефф Безос Blue Origin компаниа 2000 онд байгуулж байсан бөгөөд тус компанийн санал болгодог сансрын аяллын тасалбарын үнэ тодорхой бус байдаг ч анхлан 150 мянган ам.долларыг байршуулж, суудлаа захиалдаг байна. Сансрын аяллаас гадна тус компани сансрын дэд бүтэц, олон дахин ашиглах боломжтой пуужин болон саран дээр газардах системийн хөгжүүлэлт зэрэг бусад үйл ажиллагаануудыг давхар явуулдаг байна.

Энэ удаагийн дан эмэгтэйчүүдээс бүрдсэн багийн аялал нь Blue Origin компанийн “New Shepard” хөлгөөр сансарт гарах 11 дэх удаагийн багийн аялал, зорчигчтой зорчигчгүй гээд нийтдээ 31 дэх удаагийн нислэг боллоо.

0/1000