Дэлхийд тэргүүлэгч Харвардын их сургуульд зориулсан 2 тэрбум гаруй ам.доллар бүхий холбооны сангАНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа царцаажээ. Цагаан ордноос өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Харвардын их сургуульд илгээсэн, үйл ажиллагааны өөрчлөлтийн жагсаалтыг тус сургууль эсэргүүцэн, татгалзаж буйгаа олон нийтэд нээлттэй илэрхийлсэн. Үүний дараагаар тус сургуулийн санг царцаагаад байна.
Цагаан ордноос Харвардын их сургуульд илгээсэн 10 зүйл заалт бүхий жагсаалтад сургуулийн удирдлага болон засаглалын хэлбэр, сургуульд ажилтан шалгаруулж авах болон оюутан элсүүлэх журамд өөрчлөлт оруулж, сургуулийн дотоод орчинд антисемитизм буюу еврей нарын эсрэг үзэлтэй тэмцэх зэрэг үйл ажиллагааны шинэчлэлүүдийг багтаасан байжээ. Харвардын их сургууль үүнийг эрс эсэргүүцэж, “Их сургуульд хяналтаа тогтоохыг оролдож байгаа явдлыг бид тэвчихгүй. Их сургуулийн бие даасан хараат байдлаа хадгалж үлдэхийн төлөө бид бууж өгөхгүй” гэсэн утга бүхий гэсэн мэдэгдлийг даваа гарагт хийсэн байна.
АНУ-ын Боловсролын департамент үүний хариуд тус их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд зориулсан 2.2 тэрбум ам.доллар бүхий холбооны сан болон Харвардтай байгуулсан 60 сая ам.долларын олон тооны гэрээг царцаажээ. Энэхүү арга хэмжээг олон янз байдал, ялгаатай тэгш оролцооны эсрэг Трампын засаг захиргааны зүгээс хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд аваад байгаа бөгөөд холбооны Засгийн газартай санхүүгийн харилцаагаа авч үлдэхийн тулд үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулах шаардлагатайг Трампын засаг захиргааны зүгээс Харвардын их сургуульд анхааруулжээ.
Америкийн хамгийн том их сургууль ийнхүү Трампын засаг захиргааны дарамт шахалтад ороод байна. Харвардын их сургуулийн профессорууд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон академик боловсрол, эрдэм шинжилгээний эрх чөлөөнд хууль бусаар халдаж байна гэсэн үндэслэлээр Засгийн газрын эсрэг шүүхэд хандаж, гомдол гаргасан байна. Үүний өмнө Цагаан ордноос антисемитизмын эсрэг тэмцэж, еврей оюутнуудын аюулгүй байдлыг хамгаалж чадаагүй гэсэн шалтгаанаар Колумбын их сургуульд зориулсан 400 сая ам.долларын төрийн санг царцаасан бөгөөд удалгүй тус их сургуультай тохиролцоонд хүрсэн нь оюутнууд болон тэнхимүүдийн хурц шүүмжлэлд өртсөн юм.