Хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох цахим худалдааны Amazon компанийг үүсгэн байгуулагч, АНУ-ын тэрбумтан Жефф Безосын өмнөх эхнэр Маккензи Скотт салснаасаа хойш нийт 19 тэрбум ам.долларыг сайн үйлсэд хандивласан байна.
Одоогоос 6 жилийн өмнө буюу 2019 онд тэд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд тухайн үед Маккензи Скотт эр нөхрөөсөө нөхөн төлбөрт 36 тэрбум ам.доллар авч салж байсан юм. Мөн тэрээр Amazon, Blue Origin, Washington Post зэрэг хамтран эзэмшиж байсан компаниудын тодорхой хувийн хувьцааг авсан байдаг.
Тэд салснаасаа хойш удаан ганц бие байгаагүй. Маккензи Скотт 2021 онд Дэн Жеветт гэгч Сиэттл хотын сургуулийн багштай гэрлэж, 2 жилийн дараа салсан юм. Харин Жефф Безос телевизийн хөтлөгч Лорен Санчезтай болзож байгаагаа 2019 онд зарлаж байсан бол хосууд энэ зун Италийн Венец хотод хуримаа хийхээр болоод байгаа билээ.
Маш богино хугацаанд тэрбумтнуудын жагсаалтанд орж ирж байсан Маккензи Скотт өнөөдрийн байдлаар Forbes сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтын 68 дугаар байрт 28.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээн бичигдэж байна.
Өдгөө 54 настай Маккензи Скотт олон зуун саяаар нь хандивладаг өөрийн сайн үйлсээр ашгийн бус хандив тусламжийн ертөнцийг өнгөрсөн 6 жилийн хугацаанд орвонгоор нь өөрчилжээ.
АНУ-ын Массачуссеттс мужийн Кэмбриж хотноо төвтэй Үр Дүнтэй Сайн Үйлсийн Төв (Center for Effective Philanthropy) байгууллагаас сүүлийн 3 жилийн хугацаанд явуулсан судалгааны тайлангаа өнгөрсөн 2-р сард гарган танилцуулсан ба тус тайланд филантропч Маккензи Скоттыг 6 жилийн хугацаанд 2000 гаруй байгууллагад 19 тэрбум гаруй ам.долларыг хандивласан болохыг тогтоосноо онцолсон байна.
Өнгөрсөн жилд л гэхэд Маккензи Скотт Америкийн 361 ашгийн бус байгууллагуудад нийт 640 сая ам.доллар хандивлажээ.