Ням гарагт явагдсан Эквадор улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд тус улсын одоогийн төрийн тэргүүн Даниэль Нобоа ялалт байгуулж, улиран сонгогдоод байна.
Даваа гарагт Эквадорын Үндэсний сонгуулийн хорооноос танилцууулсан мэдэгдэлд нийт саналын хуудасны 90 гаруй хувийг тоолсны дараах байдлаар Д.Нобоаг өрсөлдөгчөө илт давуу тэргүүлсэн болохыг мэдээлжээ.
Ням гарагийн сонгууль ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт байсан бөгөөд өнгөрсөн 2-р сард явагдсан эхний шатны сонгуулиар Нобоа болон Гонзалез нарын цуглуулсан санал тун ойрхон байсан юм.
Үндэсний сонгуулийн хорооноос танилцуулсан албан ёсны урьдчилсан дүнгээр 37 настай ерөнхийлөгч Д.Нобоа 56 хувийн саналыг дангаараа цуглуулсан бол түүний гол өрсөлдөгч болох зүүний хүчнээс нэр дэвшигч Луиса Гонзалез 44 хувийн санал авсан байна.
Төсөөлж байснаас бага санал авсан, өдгөө 47 настай нэр дэвшигч Луиса Гонзалез дахин тооллого явуулахыг уриаллаа.
Харин хар тамхины картель, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдийн эсрэг “төрийн төмөр нударга”-ны аргаар тэмцэж байгаа ерөнхийлөгч Д.Нобоа өөрийн ялалтыг “түүхэн ялалт” хэмээн тодорхойлж, сонгуулийн дүнд эргэлзэх шаардлага байхгүй гэдгийг түүнийг дэмжихээр цугларсан олны өмнө хэлсэн байна.
Сонгуулийн санал хураалтын өмнөхөн Д.Нобоа аюулгүй байдлын үүднээс Эквадор улсын нийслэл Кито хот болон бусад мужуудад 60 хоногийн хугацаатай онц байдал зарласан байна.
Тэрээр хар тамхины картелиуд, гэмт хэргийн бүлэглэлүүдийн үйлддэг хүчирхийллийн эсрэг чанга хатуу арга хэлбэрийн тэмцлийг өрнүүлж, хот суурингуудын гудамж талбайд цэргүүдийг дайчлан байршуулж, бүлэглэлүүдийн толгойлогчдыг баривчилж, АНУ-ыг тусгай хүчний цэргүүдээ Эквадор улсад илгээх урилга, хүсэлт тавьж байсан бөгөөд мөрийн хөтөлбөртөө энэхүү тэмцлээ үргэлжлүүлж, улс орныхоо эдийн засгийн хөгжлийг бэхжүүлэх зорилтуудыг багтаажээ.