horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Перу улсын Нобелийн шагналт зохиолч Марио Варгас Льоса 89 насандаа таалал төгсжээ

post-img

Нобелийн утга зохиолын шагналт Перу улсын зохиолч Марио Варгас Льоса 89 насандаа таалал төгссөн талаар түүний хүүхдүүд албан ёсоор мэдээлсэн байна. Тэрээр Перу улсын нийслэл Лима хотноо өнгөрсөн ням гарагт хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Латин Америкийн утга зохиолын амьд домог гэгдэж байсан Марио Варгас Льосагийн гурван хүүхдийн зүгээс Х хуудсандаа дээрх мэдэгдлийг хийсэн байна. Тус мэдэгдэлд эцгийнхээ шарилыг чандарлах бөгөөд ямар нэгэн олон нийтийн шинжтэй оршуулах ёслолыг зохион байгуулахгүй гэдгээ бичжээ.

Хорхе Марио Педро Варгас Льоса 1936 оны 3-р сарын 28-нд Перу улсын өмнөд нутгийн Арекипа хотод мэндэлж байсан ба бага залуу наснаасаа эхлэн бичгийн ажил эрхэлсэн байна.

Голцуу роман, эссе хэлбэрээр бүтээлүүдээ туурьвидаг Марио Варгас Льоса анхны “Толгойлогчид ба бусад зохиолууд” хэмээх түүвэр номоо 1959 онд гаргаж байсан бол 1963 оны “Баатрын цаг үе”, 1969 оны “Сүмд болсон яриа” зэрэг романуудаараа дэлхийн утга зохиолын ертөнцөд цахиур хагалан, нэрд гарч байсан.

Тэрээр нэрт зохиолч Габриэль Гарсиа Маркес, Карлос Фуэнтес нартай зэрэгцэн 1960, 1970-аад оны Латин Америкийн зохиолчдын “Бум” буюу шинэ давалгааны томоохон төлөөлөгчдийн нэг байсан юм.

Өөрийн зохиол бүтээлүүдээрээ Латин Америкийн харгис хэрцгий дарангуйлал бүхий засаглал, авлига хээл хахууль, удирдагчийг тахин шүтэх явдал зэрэг улс төрийн сэдвүүдийг хөндөж, хурц тод байдлаар бичиж харуулдаг байснаараа алдартай бөгөөд олон жилийн турш нэр дэвшсэний эцэст 2010 онд Нобелийн утга зохиолын шагналыг хүртэж байсан билээ.

Марио Варгас Льоса хувь хүний болон эдийн засгийн эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч байсан бөгөөд Латин Америкийн зүүний үзэлт удирдагчдыг дарангуйлагчид хэмээн үзэж, хурцаар шүүмжилдэг нэгэн байжээ. Тэр ч бүү хэл 1990 онд Перу улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан боловч тухайн үедээ их сругуулийн тэнхимийн эрхлэгч байсан Альберто Фүжиморид ялагдал хүлээж байсан юм.

Сонирхуулахад Марио Варгас Льоса хоёр удаа гэрлэж байсан бөгөөд хоёр дахь эхнэртэйгээ 50 жил хамт амьдраад салсныхаа дараагаар тэрээр алдарт дуучин Хулио Иглесиасын экс эхнэр, поп дуучин Энрике Иглесиасын эх болох Изабель Прейслертэй хамт амьдарч байгаад 2022 онд салж байжээ.

0/1000