horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Унгарын парламент давхар иргэншил болон бэлгийн цөөнхийн эрхийг хязгаарлах хуулийг баталлаа

post-img

Унгар улсын парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, санал хурааж баталлаа.

Парламентын 140 гишүүн дэмжиж, 21 гишүүн эсэргүүцсэнээр дээрх хуулийн төсөл батлагдсан байна.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар тус улсын давхар иргэншилтэй иргэд болон бэлгийн цөөнхүүд болох ЛГБТК+ хүрээллийнхний эрх хязгаарлагдахаар болж байна.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай дээрх хуулийн төслийн гол зорилго нь хүүхэд багачуудын бие физиологи болон ёс суртахууны хөгжлийг хамгаалахад чиглэгдэж байгаа талаар Унгарын засгийн газраас онцоллоо.

Хууль батлагдсанаар ЛГБТК+ хүрээллийн арга хэмжээнүүд, жагсаал цуглаан болон үзэл суртлын сурталчилгаа зэргийг хориглохоор болжээ.

Түүнчлэн нэмэлт өөрчлөлтүүд нь тус улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд заналхийлсэн гэж үзсэн Унгарын давхар иргэншилтэй аливаа иргэний харьяаллыг түр хугацаагаар түдгэлзүүлэх боломжийг засгийн газарт олгох юм.

Гадны санхүүжилттэй хуурамч ТТБ-ууд, авлигач улс төрчид, хараат бус гэх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эсрэг тэмцэхэд дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно хэмээн Унгарын ерөнхий сайд Виктор Орбаны тэргүүлдэг эрх баригч Фидеш намаас мэдэгдсэн байна. Тус намын зүгээс мөн цаашдаа ч бодлогын шинж чанартай олон өөрчлөлтүүдийг холбогдох хууль тогтоомжуудад оруулна гэдгээ тодотгожээ.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцсэн олон зуун хүний жагсаал парламентын ордны гадна талбайд зохиогдсон бөгөөд хүний эрхийн төлөө тэмцэгч идэвхтнүүд дээрх хуулийн төсөл батлагдсан явдлыг “Унгар улс либерал бус засаглалын хэлбэр лүү шилжиж буй тун харамсалтай түүхэн мөч боллоо” хэмээн тодорхойлсон байна.

0/1000