Иргэн Э.Түвшинжаргал өөрийн өмч болох, нэр дээрээ өмчлөлийн бүртгэлтэй, нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах 3 өрөө орон сууцыг нэгэн ББСБ-д 2018.06.29-нд барьцаалж, 330 сая төгрөг зээлжээ. Гэвч тэр зээлээ төлөөгүйгээр зогсохгүй байрныхаа гэрчилгээг хуурамчаар үйлдэж, бусдад зарах гэж байгаад баригджээ. Уг байрыг нь худалдаж авахаар, Э.З, Ц.Ө, Б.Н нар түүнд 130 сая төгрөг өгч залилуулсан байна.
Түүний эл хэргийг шүүх хэлэлцэх явцад Э.Түвшинжаргал нас барсан гэнэ. Ингээд уг хэрэг 2022 оны 2 дугаар сард хэрэгсэхгүй болжээ.
Энэ шүүх хуралд гэрчээр оролцож байсан Б 2023.12.28-ны өдрийн 11 цагийн орчим “Гэсэр” сүмийн уулзварт зүүнээс баруун гар тийш зам хөндлөн гарах гээд гэрлэн дохион дээр зогсож байхдаа Э.Түвшинжаргалтай тааралджээ. Түүний араас дагаж явсаар нэгэн байрны орцонд орохыг харсан байна. Уг байр луу орохоосоо өмнө тус байрны хажуугийн эмийн сангаас тосон клизм авсан аж.
Мөн 2023 оны 5 дугаар сард З гэдэг хүн Э.Түвшинжаргалтай бас таарчээ. Дараа нь Ө-тай утсаар холбогдоход нь Ө нь Э.Түвшинжаргалын яриаг утсан дээрээ бичиж авсан байна.
Үүнд Улсын бүртгэлийн ерөнхий газар өнөөдөр хариу тайлбар өглөө. Иргэн Т-г элэгний хорт хавдар гэсэн оношоор нас барсан тухай Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв 2022.02.11-нд “Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ” олгожээ. Тэрхүү АМ-7 маягтад үндэслэн, УБЕГ Э.Түвшинжаргалыг нас барсан гэж иргэний бүртгэлд бүртгэсэн байна. Түүнийг нас барсныг төрсөн эцэг Э нь УБЕГ-т бүртгүүлж, нас барсны 986 тоот гэрчилгээ авчээ.
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу нас барсны бүртгэлийг:
- иргэний нас барсан тухай эмнэлгийн магадлагаа,
- иргэнийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр,
- нас барсан шалтгаан тухай шүүх эмнэлгийн дүгнэлт ,
- гамшгийн улмаас хүний амь нас эрсэдсэн бол Засгийн газраас байгуулсан онцгой комиссын шийдвэрийн аль тохирохыг үндэслэн хөтөлдөг.
Улсын бүртгэлийн байгууллага нь эрүүл мэндийн байгууллагатай 2024.04.16-ны өдрөөс эхлэн Эрүүл мэндийн яамны дундын мэдээллийн санг ашиглан “Нас барсны бүртгэл”-ийг хөтөлж байна.
Тэгвэл уг хүнийг нас барсан гэж иргэний бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэгч В.М 2023.07.05-нд өгсөн мэдүүлэгтээ “Энэ нас барсны бүртгэлийг би хийсэн байна. Би 2022.02.15-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн АМ7 маягтыг үндэслэн Э.Т-ыг нас барсан болохыг Улсын бүртгэлийн нэгдсэн санд бүртгэсэн. Нас барсан хүний аав Я.Э “Охиныхоо бүртгэлийг хийлгэе” гэж ирэхэд, бүрдүүлэх бичиг баримт бүрэн байсан. Би бичиг баримтад эмчийн нэр, гарын үсэг, тамга, тэмдэг бүрэн эсэхийг шалгаж авсан. АМ7 маягт дээр бичигдэж байгаа овог, нэр, регистрийн дугаар зөв эсэхийг шалгахад зөрчилгүй байсан” гэжээ.
Гэтэл Баянгол дүүргийн эрүүл мэндийн газар “И овогтой С гэх эмч манайд ажиллаж байгаагүй” гэсэн хариуг 2024.02.19-нд шүүхэд ирүүлжээ. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар 2014.01.01-нээс 2024.01.22-ны хооронд Э овогтой Т /ТК88072801/ гэх хүний цогцост задлан шинжилгээ хийгээгүй тухайгаа шүүхэд албан бичгээр мэдэгджээ.
Ингээд Шүүхийн шинжилгээний ерөнхий газраас нийслэлийн Улсын бүртгэлийн архивт байгаа нас барсны бүртгэлийн 0861-1030, 1-267, эхэлсэн 2022.01.01, дууссан 2022.12.31 гэсэн хаягтай хавтаст баримтын 198 гэж дугаарласан хуудсанд байх 986 гэсэн дугаартай 2022.02.11-ний огноотой “Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ” гэсэн баримтыг хуурамч, жинхэнэ эсэхийг шинжилжээ. Уг баримтын нөхөх хэсгүүдэд байх бичвэрүүд, баруун доод хэсэгт байх үл уншигдах бүтэцтэй гарын үсгийг хар өнгийн будагчтай бичигч хэрэгслээр гараар бичиж, зурсан байна. Дээрх баримтыг хуулбарлан олшруулах төхөөрөмж ашиглан хэвлэж, тэмдгийн дардсуудыг энгийн хэрэглээний хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн, хуурамч байна” гэж шинжээч дүгнэжээ.
Ийн нас барсан гэж үнэмшээд, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон хүн амьд байгаа нь олон баримтаар тогтоогдсон тул прокурор уг хэргийг дахин сэргээж, Э.Түвшинжаргалыг баривчилж, цагдан хорьсон аж. Үүнийг УДШ 2024.06.26-нд хянаад, өмнөх шүүхүүдийн шийдвэрийг хүчингүй болгож, Э.Т, М.С нарт холбогдох 1905008520463 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шилжүүлсэн байна.