Сингапур улсын нэгдсэн сонгууль ирэх сарын 3-ны өдөр явагдахаар болсон байна.
Энэ удаагийн сонгууль тус улсын ерөнхий сайдаар сонгогдоод удаагүй байгаа Лоуренс Вонгийн хувьд анхны томоохон сорилт болох болно.
Тэрээр өнгөрсөн жил Сингапур улсыг 20 жил удирдсан Ли Сяньлуныг огцорсны дараагаар ерөнхий сайдын албанд томилогдсон юм.
Лоуренс Вонг өнгөрсөн 2-р сард өөрийн засгийн газрын боловсруулсан анхны улсын төсвөө танилцуулахдаа амьжиргааны өртгийн дарамтыг багасгахын тулд хэд хэдэн татварын хөнгөлөлтийг багтаасан бол үүнийг нь зарим шинжээчид “сонгуулийн өмнөх хөрсөө бэлдэж” байна гэж үзсэн билээ.
Энэ жилийн Сингапурын парламентын сонгуулийн сурталчилгааны кампанит ажлын хугацаа ердөө 9-хөн хоног үргэлжлэх бөгөөд амьжиргааны өртөг, орон сууцны хүрэлцээ, ажлын байр болон эрүүл мэндийн халамж үйлчилгээ зэрэг нь намуудын мөрийн хөтөлбөртөө онцлох асуудлууд болох төлөвтэй байна.
Сонгуульд нэр дэвшигчид хуулийн дагуу 13500 сингапур долларыг заавал хураалган байршуулах ёстойгоос гадна энэхүү мөнгөө буцааж авахын тулд нийт саналын 8 хуваасны нэг хувийг цуглуулсан байх ёстой гэнэ.
Түүнчлэн хуулийн дагуу тус улсын сонгуулийн насны 2.75 сая иргэн заавал санал өгөх ёстой юм.
Эрх баригч Ардын үйл хэрэг нам энэ удаагийн сонгуулиар ялалт байгуулах магадлал өндөр байна. YouGov байгууллагаас өнгөрсөн сард Сингапурын 1845 иргэний дунд явуулсан судалгааны дүнгээр судалгаанд оролцогчдын 63% нь эрх баригч намд, 15% нь сөрөг хүчний Ажилчдын намд саналаа өгнө гэж хариулжээ.