Энэ долоо хоногийн эхээр Ирак улсын төв болон өмнөд нутгийг элсэн шуурга дайран өнгөрсний улмаас 1800 гаруй хүнд амьсгалын замын хүндрэл үүссэн талаар тус улсын эрүүл мэндийн албаныхны зүгээс мэдээлжээ.
Өмнөд хэсгийн Мутханна мужийн албанаас мэдээлснээр наад зах нь 700 хүний хоолой боогдсон байна.
Нажаф мужид 250 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн бол Дивания мужид 322 хүн амьсгалын замын хүндрэлээр эмнэлэгт хүргэгдсэний дотор олон тооны хүүхэд, багачууд багтжээ.
Түүнчлэн Дхи Кар болон Басра мужуудад мөн 530 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.
1 км орчим газрын үзэгдэх орчинг хязгаарласан, нүүр нүдгүй шуурсан элсэн шуурганы улмаас өтгөн шар манан үүссэн бөгөөд хэд хэдэн мужид цахилгаан тасалдаж, Нажаф болон Басра мужуудад олон тооны нислэгүүд цуцлагдахад хүржээ.
Ирак улсад элсэн шуурга тогтмол болдог ч сүүлийн жилүүдэд давтамж нь нэмэгдэж байгаа явдлыг зарим мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байгаа юм.
Хамгийн сүүлд 2022 онд Иракт мөн маш хүчтэй элсэн шуурга шуурсны улмаас нэг хүн амиа алдаж, 5000 гаруй хүн амьсгалын замын хүндрэлээр эмнэлэгт хүргэгдэж байсан билээ.
Хэдийгээр мягмар гарагаас эхлэн элсэн шуурга намдсан боловч ойрын ирээдүйд тус улсад элсэн шуурга, тоос шороотой өдрүүд олон тохиох болно хэмээн Иракийн хүрээлэн буй орчны яамны зүгээс анхааруулжээ.