Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Мэс засал, гэмтлийн тасаг, Мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн эмч нарын хамтарсан баг ховор тохиолдох (Situs inversus totalis) эмгэгтэй эмчлүүлэгчид үзүүлэх мэс заслын тусламж үйлчилгээг (2025 оны 4 дүгээр сард) амжилттай хийж гүйцэтгэжээ.
Situs inversus totalis гэдэг нь бүх дотор эрхтэн эсрэг талд байрлах (баруун талд байрладаг эрхтэн зүүн талд, зүүн талд байрладаг эрхтэн баруун талд байрлах)-ыг хэлнэ. Situs inversus totalis нь хүн амын 0.01% буюу 10,000 хүн ам тутамд 1 (нэг) тохиолддог, аутосоммын рецессив хэлбэрээр нөхцөлддөг ховор эмгэг аж.

Мэс заслыг гүйцэтгэх оператороор зөвлөх зэргийн эмч Б.Алтангэрэл, туслахаар мэс заслын эмч Б.Сумьяа, Ж.Отгонбаяр нар ажилласан. Түүнчлэн тус багт Б.Түвшинбаяр, Б.Жарденбек, Ш.Аззаяа, С.Цээсүрэн, Д.Эрдэнэсүрэн нарын эмч нар хамтран ажиллаж, Situs inversus totalis эмгэгтэй эмчлүүлэгчийн цөсний хүүдийг хэвлийн дурангийн мэс заслын аргаар авсан байна.
Оператор болон туслах эмч нарын баг мэс заслыг хийхдээ уг ховор эмгэгт шаардлагатай (American mirror position) тусгай байрлалд (French mirror technique) өвөрмөц технологиор мэс заслыг 67 минутын турш хийж аюулгүй гүйцэтгэсэн байна.