Америкийн HBO телевизийн сүлжээ ирэх 2026 оны эхээр гарч, үзэгчдийн хүртээл болох “Харри Поттер” телевизийн цувралд тоглох жүжигчдийн нэрсийг зарлав. Альбус Дамблдорын дүрд жүжигчин Жон Литгоу, Хагридын дүрд жүжигчин Ник Фрост, Минерва Макгонагаллын дүрд жүжигчин Жанет Мактийр, Северус Снейпийн дүрд жүжигчин Паапа Эссиеду, Аргус Филчийн дүрд жүжигчин Пол Уайтхаус, Куиринус Куирреллын дүрд жүжигчин Люк Таллон нар тоглохоор болжээ.
Харин одоогийн байдлаар уг цувралын гол дүрийн баатрууд болох Харри Поттер, Рон Уизли, Хэрмионе Грэнжер нарын дүрд тоглох жүжигчид тодорхой болоогүй байна. Дээрх гурван гол дүрд тоглох жүжигчдийн нээлттэй сонгон шалгаруулалтад 30 мянга гаруй хүн бүртгүүлсэн ажээ.
Түүнчлэн эсрэг дүр болох Вольдемортод “Оппенгеймер” киноны дүрээрээ Оскарын шагнал хүртсэн Ирландын жүжигчин Киллиан Мерфи тоглож магадгүй гэсэн цуурхал гараад байгаа билээ.
HBO сувгийн бүтээж буй “Харри Поттер” телевизийн цувралын ерөнхий продюсерээр Франческа Гардинер, Марк Майлод нар ажиллах бол “Харри Поттер” номын зохиолч Ж.К.Роулинг туслах продюсерын үүрэг гүйцэтгэх ажээ. Уг цувралын зураг авалт энэ зун эхлэх бөгөөд эхний бүлгийн ангиуд ирэх 2026 оны эхээр HBO сувгаар цацагдах төлөвтэй байна.