horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Ц.Туваан: ОХУ-тай хамтарсан компани байгуулчихвал бид ахиж бензиний хомсдолд орохгүй

post-img

ОХУ-ын “Роснефть” компани, Монголын “Эрчис ойл” компанитай хамтран “Чингис хаан” онгоцны буудлыг түшиглэн хамтарсан компани байгуулахаар болж хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулсныг зөвшилцөхөөр УИХ-д оруулж ирснийг өнөөдөр Төсвийнн байнгын хороогоор хэлэлцсэн юм. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлэл өглөө.

-ОХУ-д илт давуу эрх өгсөн хэлэлцээрийг байгуулж хамтарсан компани байгуулах гээд байгаа юм биш үү?

-ОХУ-тай хамтарсан компани байгуулах асуудалд ямар ч дарамт шахалт байхгүй. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр. Өмнө нь 2018 онд төрийн дээд айлчлалын үеэр хэлэлцээр байгуулах санамж бичиг байгуулсан. Үүнээс хойш нэлээд хугацаанд судлагдаад явж байгаа асуудал. Ерөнхийдөө хоёр төрлийн хэлэлцээрийн тухай асуудал яригдаж байгаа. Нэгдүгээрт Монгол Улсад нефть бүтээгдэхүүн тогтвортой ханган нийлүүлэх хэлэлцээр, хоёрдугаарт агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээр байна. Монгол Улсын 2.6 сая тонн нефть бүтээгдэхүүний 97 хувь бидний нэрлэж заншсан АИ-82, АИ-90 дизель түлш, 2.6 хувь нь агаарын хөлгийн түлш байгаа. Тэгэхээр энэ хоёр хэлэлцээрийг хамтад нь байгуулах саналыг ОХУ-аас гаргасан. Бидний хувьд нэг сумаар хоёр туулай буудаж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл ОХУ-д ямар нэгэн асуудал үүслээ гэхэд тэнд энэ хэлэлцээр байгаа учраас экспортын хориг тавигдахгүй гэсэн үг. Монгол Улсад агаарын түлшний хэрэглээ сүүлийн жилүүдэд үсрэнгүй буюу гурав дахин нэмэгдсэн. 2021 онд 21 мянган тонн хэрэглэж байсан бол өнөөдөр 70 мянган тонн хэрэглээд явж байгаа. Энэ утгаараа бид “Роснефть” компанийн 40 хувьтай, Монголын талын 60 хувьтай “Эрчис ойл “төрийн өмчийн агаарын түлш оруулж ирээд цэнэглэдэг компанийн доор хамтарсан компани байгуулах асуудал яригдаж байна. Бид бүхэн компанийн хуулийг бүгдээрээ мэднэ. Монголын талын 60 хувийн оролцоотой компани учраас дийлэнх шийдвэр манай талын саналаар шийдэгдэнэ гэж ойлгож болно. Онгоцны түлшний үнэ нэмэгдэх тусам нислэгийн зардал өснө. Үүний ачаа хаана ирэх вэ гэвэл зорчигчдын нуруун дээр ирнэ. Тэгэхээр бид хугацаанд ханган нийлүүлэх асуудлыг ярьж байгаа. ОХУ-ын 40 хувь дотроо эргэлтийн хөрөнгө буюу өнөөдрийн байдлаар 70 мянга байгаа түлшийг нийлүүлэх байдлаар орж ирнэ. Үүн дээр тухайн онгоцыг цэнэглэх дэд бүтэц байгаа. Энэ дэд бүтэц дээр үүсэх ямар нэгэн засвар, сэлбэг хэрэгслийг хариуцна. “Эрчис ойл ” компанийн мэдэлд байгаа агаарын хөлгийг цэнэглэх байгууламж буюу үл хөдлөх хөрөнгөөс ямар нэгэн хувь эзэмшихгүй. Хамтарсан компани энэ дэд бүтцийг түрээслэх байдлаар үйл ажиллагаа явуулна

-20 жилийн гэрээ байгуулна гэсэн. Хэт урт хугацаатай. Тодруулбал Монгол улс ийм ийм үүрэг гүйцэтгэнэ гэж хатуу заалт оруулж ирсэн нь ямар учиртай юм бол?

-Монгол улс худлаа ярьдаг, барьцгүй улс орон шиг олон улсад ойлгогдож байна. Засгийн газар 1 шийдвэр гаргаад ажиллаж байтал дараагийн засгийн газар түүнийг нь өөрчилчихдөг асуудал бий. Жишээлбэл Петрочайна дачин тамсаг компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж ажиллаж байснаа татварын хуулиа шинэчлэнгүүтээ шинэ нөхцөл үүссэн гээд өмнөх байгуулсан гэрээгээ дордуулаад явчихдаг. Оюу толгойн төсөл дээр ч ийм асуудал яригдсан. Олон улсын хөрөнгө оруулагчид Монгол улс шийдвэрээ өөрчилчихдөг гэдэг байдлаар гэрээ байгуулснаас хойш гэрээний нөхцөлийг өөрчлөхгүй байя гэдэг шалтгаанаар зарим заалтыг тусгасан байгаа.

-2028 оноос Монгол улс өөрөө газрын тосны үйлдвэртэй болох гэж байхад 20 жилийн гэрээг бид ОХУ-тай байгуулах гэж байдаг. Энэ асуудлыг тооцоолсон уу?

-Өнөөдрийн байдлаар агаарын түлшний хэрэглээ жил тутам 70 мянгаар нэмэгдэж байна. Дотоодын газрын тосны үйлдвэр ашиглалтад ороод шууд 100 хувь дотоодынхоо хэрэгцээг хангаж чадахгүй. Тиймээс дутагдах түлшний эх үүсвэрийг бид ОХУ-тай хамтарсан компани шийдээд явна.

-Хэлэлцээрт байгаа заалтуудад маргаан үүсвэл ОХУ-ын арбитрын шүүхээр шийдэгдэнэ гэсэн байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хэлэлцээр дэмжигдвэл бид компани байгуулах хэлэлцээрээ ахин ярилцана. Бид Монголын талын санал ийм байна гэдгээ ахиад тавиад Монгол улсад ашигтай байдлаар шийдүүлэх тал дээр анхаарна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа

0/1000
Ган

Өөр улсад бол энэ сда шоронд байх байсан биз.