НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте 15-ны мягмар гарагт Украин улсад айлчилж, Украины ерөнхийлөгч В.Зеленскийтэй Одесса хотноо уулзаж, хэлэлцээ хийсэн байна.

Талууд агаарын довтолгооноос хамгаалах систем болон Украины бусад зэвсгийн хэрэгцээний талаар ярилцсанаас гадна Марк Рютте Украинд үзүүлж буй НАТО-гийн дэмжлэг туслалцаа хэзээ ч зогсч, өөрчлөгдөлгүй үргэлжлэх болно гэдгийг дахин батлан хэлсэн байна.
Тэрээр энэ сарын 13-ны өдөр Украины Сумы хот Оросын пуужингийн цохилтод өртөж, 35 хүн амиа алдаж, 120 орчим хүн бэртэж гэмтсэний дараагаар Украин улстай хамт гэдгээ нотлохоор тус улсад айлчилжээ.
Уулзалтын үеэр Украинд Америкийн “Patriot” пуужингийн систем хэрэгцээтэй байгаа ба Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг дэмжих тухай Европ, АНУ-ын хэлэлцээр хэрэгжинэ гэдэгт найдаж байна гэж В.Зеленский онцолсон байна. Ирээдүйд Украины аюулгүй байдлыг хангах хүсэлтэй, боломжтой бүх талуудтай холбоо тогтоох нь маш чухал бөгөөд Хар тэнгист барууны цэрэг армийг байршуулах нь Украины аюулгүй байдлын баталгааны нэг хэсэг гэдгийг В.Зеленский цохон тэмдэглэж, Турк улс ирээдүйн далай тэнгисийн аюулгүй байдлын баталгаажуулалтад чухал үүрэг гүйцэтгэх болно гэдэгт Украин улс итгэлтэй байна гэв.
Марк Рютте хэлэхдээ, НАТО Украинд улс төрийн болон бусад хэлбэрийн тусламжийг үргэлжлүүлэн үзүүлсээр байх болно гэжээ. Мөн тэрээр энэ оны эхний гурван сард НАТО-гийн гишүүн орнууд Украинд 20 гаруй тэрбум еврогийн тусламж үзүүлснийг онцолсон байна.
В.Зеленский, М.Рютте нар мөн Одесса хотын эмнэлэгт зочилж, хэвтэн эмчлүүлж буй цэргүүдтэй уулзсан бөгөөд энэ үеэр Украины төрийн тэргүүн цэргийн албан хаагчдад байлдааны гавьяаны одон медалийг гардуулан өгсөн байна.