АНУ-ын засгийн газар Хятадад чип экспортлох журмыг чангатгаснаар бичил чип үйлдвэрлэгч Nvidia компани 5.5 тэрбум ам.долларын хохирол амсах төлөвтэй байгаа талаараа мэдээлжээ.
Хиймэл оюун ухааны технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг болох тус компани өөрийн хамгийн алдартай бүтээгдэхүүн болох H20 AI загварын микрочипийг Хятадад эскпортлохын тулд тусгай лиценз эзэмших шаардлагатай болсон байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын засгийн газраас тус компанид Хятад болон Хонконгд H20 микрочипээ худалдахын тулд тусгай лиценз буюу зөвшөөрөл авах шаардлагатай талаар мэдэгдсэнийг мягмар гарагт Nvidia компани мэдээллээ.
Албаныхны зүгээс тус компанийн үйлдвэрлэн экспортолж буй микрочипийг Хятадад суперкомпьютерт ашиглах эрсдэл бий учраас тусгай лиценз эзэмшихийг зөвлөсөн байна.
Трампын тарифын бодлогоос үүдэлтэй Америк, Хятадын худалдааны дайн улам ширүүсэн хурцдаж буй энэ үед ийнхүү Трампын засаг захиргаа Хятадад гаргадаг чипний экспортын журмыг чангатгах арга хэмжээг аваад байна.
Өөрөөр хэлбэл хоёр их гүрний хооронд худалдааны дайнаас гадна технологийн салбарт ноёрхлоо тогтоох давхар өрсөлдөөн өрнөж байна.
Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, өнөөдөр хүн бүрийн хэрэглээ шахуу болоод байгаа хиймэл оюун ухаан, машины суралцахуйн хувьсгал өнөөгийн энэ өндөр түвшинд хүргэхэд Nvidia компанийн үйлдвэрлэдэг хүчирхэг микрочипүүд асар их нөлөө үзүүлсэн гэхэд хилсдэхгүй.
1993 онд үүсгэн байгуулагдсан тус компани анх видео тоглоомын салбарт ашиглагддаг компьютерын өндөр нягтаршилтай дүрслэлийг дамжуулах график картыг үйлдвэрлэн борлуулж эхэлснээрээ амжилтанд хүрсэн байдаг.