horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

12.447 хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах гэж байна

post-img

Татварын албанд санхүүгийн тайлангаа 2 жил гаргаагүй 12.447 хуулийн этгээдийн нэрсийг улсын бүртгэлээс хасуулахаар Сангийн яам 2024.07.24-нд УБЕГ-т ханджээ. Уг  жагсаалтад тухайн хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, хуулийн этгээдийн хэлбэрийг бичсэн байлаа. УБЕГ уг хуулийн этгээдүүдийн нэрийг ШШГЕГ, НДЕГ, Тагнуулын ерөнхий газар, Монголын банкны холбоо зэрэг холбогдох байгууллагад хүргүүлж, цахим хуудсаараа олон нийтэд зарласан байна. Ингэхэд зарим хуулийн этгээд санхүүгийн тайлангаа илгээнэ, үйл ажиллагаа явуулна гэсэн бол өр төлбөртэй хуулийн этгээдийн нэрсийг ШШГЕГ, НДЕГ, ТЕГ, Монголын банкны холбоо гаргаж өгчээ.

Өр, төлбөртэй бол бүртгэлээс хасахгүй. Өрөө төлөх, бусдыг хохиролгүй болгох үүргээ биелүүлэх ёстой. Дампуурын хэрэг шүүхээс үүсгэчихсэн хуулийн эдгээдийг бас бүртгэлээс хасахгүй. Учир нь тухайн хуулийн этгээд албан ёсоор оршиж байгаа нөхцөлд л шүүх түүнийг дампууруулах эсэхээ шийднэ. Хэрвээ дампуурлыг нь зарлавал УБЕГ-т шүүхээс албан бичиг илгээж, түүний дагуу шийддэг аж. Бас “Манайх үйл ажиллагаа явуулна. 2 жил ямар ч ашиг олоогүй учраас санхүүгийн тайлан гаргаагүй” гэх мэт үндэслэлтэй тайлбар гаргаж, баримтаар нотолсон хуулийн этгээдийг хасахгүй. Хэн ч компани байгуулан, бизнес хийх эрхтэй. Хүмүүс нөхөрлөл, хоршоо байгуулж хамтрах нь тэдний асуудал. Иргэд эвлэлдэн нэгдэж ТББ байгуулах нь Үндсэн хуулиар олгосон эрх.

Гэхдээ үйл ажиллагаа явуулж байгаагаа мэдэгдэж, олсон орлогоо тайлагнаж байх үүрэг бас бий. Энэ үүргээ биелүүлэхгүй баахан хуулийн этгээд байгаад байвал замбараагаа алдана. Тиймээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26.1-д “Санхүүгийн тайлангаа 8 ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй, харилцагч санхүүгийн байгууллагад илгээж баталгаажуулаагүй хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн, улсын бүртгэлийн байгууллага өөрийн цахим хуудсаар нийтэд зарлах бөгөөд зарласнаас хойш 6 сарын дотор бичгээр санал, гомдол гаргаагүй, дампуурлын хэрэг үүсгээгүй, санхүүгийн тайлангаа гаргаагүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр, төлбөргүй бол уг хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасна” гэж заажээ.

Үүний дагуу 12.447 хуулийн этгээд татагдан буугдах болоод байгаа аж. Дээрх хуулийг хэрэглэхэд, нэг дор олон хуулийн этгээдийг бөөнөөр нь хасдаг онцлогтой.

Үүний өмнө Сангийн яам санхүүгийн тайлангаа 8 ба түүнээс дээш улирал гаргаагүй 58.630 хуулийн этгээдийг бүртгэлээс хасуулахаар 2022.10.28-нд УБЕГ-т хандсан аж. Ийм асуудалтай 25.905 хуулийн этгээдээс 24.253 нь алдаагаа засаж, бүртгэлээс хасагдалгүй мултарчээ. Ингээд УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар 34.377 хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасаж, нэрсийг нь жагсаасан 596 хуудас жагсаалтыг 2023.08.14-нд цахим хуудсаараа олон нийтэд зарласан байна.

2 жил болоод л дэндүү олон компани, сан, нөхөрлөл, ТББ хүчээр үүдээ барьж байгааг дээрх тоо, баримт харуулав. Энэ бол Монголд хувийн хэвшлийнхэн үйл ажиллагаа явуулахад үнэхээр хүнд байгаагийн нотолгоо юм. Бизнес эрхэлье, сайн үйл хийе гээд хүмүүс компани, ТББ байгуулдаг ч үйл ажиллагаа явуулах орлого олч чадахгүй байна. Эдгээр хуулийн этгээдийг бүртгэлээс хүчээр хасаж буй үндсэн шалтгаан нь санхүүгийн тайлан 2 жил гаргаагүй гэдэг үзүүлэлт. Санхүүгийн тайлан бол тухайн этгээд хэдэн төгрөг олж, юунд зарцуулав гэдгийг харуулдаг. Ийм тайлан гаргахгүй байна гэдэг нь тайлагнах орлого олоогүй гэсэн үг. Түүнээс орлогоо нуусан, тайлан гаргахгүй гэсэндээ биш.
Төртэй өрсөлдөж, бизнес эрхэлнэ гэдэг бэрх. Ер нь боломжгүй. Гэтэл том аж ахуйн нэгжүүд, улстөрчид ТББ байгуулдаг болчихлоо. Бусад ТББ-д мөнгөө өгөхгүй гэсэндээ тэр. Төрийн зарим үүргийг бусад ТББ-д өгүүлэлгүйгээр өөрөө, ганцаараа авах гэсэндээ энэ. Гахай ганцаараа идэх хүслээ хэзээ ч хаяхгүй. Ганцаараа идээд идээд хэзээ ч цадахгүй. Гахайтай зэрэгцээд хулгана гишгүүлж байгааг улсын бүртгэлээс хүчээр хасаж буй эдгээр хуулийн этгээдийн урт жагсаалт харууллаа.

Өөрсдөө хасуулахгүй байх хүсэлтээ бичгээр гаргахгүй, шүүхээс дампуурлын хэрэг үүсгээгүй, шүүхийн шийдвэрээр тогтоосон өр, төлбөргүй бол улсын бүртгэлээс хуулийн дагуу шууд хасдаг юм байна. Энэ бол хуулийн этгээдийг нийтийн байгууллагуудын шийдвэрээр хасах арга юм. Үүргээ биелүүлэхгүй бол өмнөөс нь төр шийдвэр гаргаад, бүртгэлээс хасчихдаг гэсэн үг. Ингэж хасах боломжийг Хуулийн этгээлийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26.1-д заасан байдаг. Ийм аргаар хасагдсан хуулийн этгээдийн нэрийг 1 жилийн дараа өөр байгууллагад өгч болно.

Үүний зэрэгцээ татан буулгаж хасах гэсэн өөр нэг арга бий. Дампуурсан хуулийн этгээдийг шүүхийн шийдвэрээр хасна. Бас тухайн хуулийн этгээдийн ТУЗ, Удирдах зөвлөл, үүсгэн байгуулагчийн шийдвэрээр хасдаг. Энэ тохиолдолд тухайн хуулийн этгээдийн ТУЗ, Удирдах зөвлөл, үүсгэн байгуулагч шийдвэрээ гаргаснаас хойш 15 хоногийн дотор УБЕГ-т мэдээллээ илрүүлж, холбогдох бичиг баримтаа бүрдүүлнэ. ШШГЕГ-аас өр төлбөргүй гэсэн тодорхойлолт авна. Татвар төлөгчийн бүртгэлээс хасуулж, ТЕГ-аас карт авна. Бүх баримтаа бүрдүүлэн, УБЕГ-т өгсний дараа тухайн хуулийн этгээдийг татан буулгах гэж байгааг олон нийтэд зарлаж, 2-6 сар хүлээнэ. Энэ хугацаанд ямар ч асуудал гарахгүй бол УБЕГ уг этгээдийг 3 хоногт бүртгэлээс хасаж, цахим хуудсаараа олон нийтэд мэдээлдэг. Ингэж татан буулгасан хуулийн этгээдийн нэрийг 1 сарын дараа өөр хуулийн этгээд авч болдог.

Ингэж татан буулгаж хассан хуулийн этгээдийн жишээ гэвэл ОСНААУГ-ын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төв арван нэгийн үйлдвэрчний эвлэлийн хороо юм. Үүнийг 2 хоногийн өмнө татан буулгажээ. Тэгвэл өчигдөр “Мөнх тэнцвэрт байгаль” ХХЗ-ийг татан буулгасан байна. Татан буулгахад, өдөрт 1, заримдаа 7 хоногт 1-ийг бүртгэлээс хасдаг. Энэ сарын 15-нд 8 хуулийн этгээд татан буулгасан байхад, өчигдөр, уржигдар тус бүр 1 байх жишээний.

0/1000