horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Ши Жиньпин: Хятад улс Азийн түнш орнуудын хамт “тарифын хүчирхийлэл”-ийн эсрэг зогсоно

post-img

Зүүн өмнөд Азийн орнуудаар айлчилж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпин Азийн түнш улс орнуудын хамтаар “тарифын хүчирхийллийн” эсрэг хамт зогсоход бэлэн байгаагаа илэрхийллээ. Тэрээр лхагва гарагт Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахимтай уулзах үеэрээ дээрх мэдэгдлийг хийсэн байна.

Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тарифын бодлогын эсрэг нэгдмэл байр сууриа илэрхийлж, хамтдаа зогсох ёстой гэдгийг АСЕАН-ы гишүүн орнуудад идэвхтэйгээр уриалсан байна. Мөн тэрээр тарифын бодлогыг буруугаар ашиглаж, улмаар Ази болон олон улсын эдийн засаг, худалдааны салбарт үүсгээд буй тогтворгүй, тодорхойгүй байдлын эсрэг Зүүн өмнөд Азийн улс орнууд зогсох ёстойг онцолж, Хятад улс АСЕАН-ыг даргалж буй Малайз улсыг дэмжиж байгаагаа илэрхийлснийг “Синхуа” агентлаг мэдээллээ.

Трампын засаг захиргаа Хятадын импортод 145%-ийн тариф ногдуулаад байгаа юм. Харин бусад улс орнуудад ногдуулсан өндөр тарифаа түр зогсоож, 90 хоног хойшлуулж байгаагаа мэдэгдсэн ч Зүүн өмнөд Азийн улс орнуудад өндөр тариф ногдуулах талаараа цухалзуулсан билээ. 

Хятадын АСЕАН-ы улс орнуудтай явуулдаг худалдааны хэмжээ АНУ-тай хийдэг худалдаанаас хавьгүй илүү учраас Ши Жиньпин энэ удаагийн айлчлалаараа Зүүн өмнөд Азийн бүс нутаг дахь нөлөөллөө нэмэгдүүлж, АСЕАН-ы гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх замаар Трампын тарифын бодлогын сөрөг нөлөөлөл, хохирлыг багасгахыг оролдож байна. 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Вьетнам улсад хийсэн төрийн айлчлалаа өндөрлөсний дараа лхагва гарагт Малайз улсад хүрэлцэн ирсэн бөгөөд үргэлжлээд пүрэв, баасан гарагт Камбож улсад айлчлах юм байна.

0/1000