horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Суданы хагас цэрэгжсэн сөрөг хүчнийхэн Засгийн газар байгуулснаа зарлав

post-img

Судан улсын хагас цэрэгжсэн сөрөг хүчнийхэн тус улсын цэргийнхний тэргүүлдэг Засгийн газрын эсрэг өөрсдийн Засгийн газрыг байгуулж байгаагаа зарласан байна. Хагас цэрэгжсэн сөрөг хүчний Түргэн дэмжлэгийн хүч (RSF) бүлэглэлийн удирдагч Мохамед Хамдан “Хемедти” Дагало “Судан улсын цор ганц бодит ирээдүйг тус бүлэглэл бүтээж байна” гэжээ. Мөн тэрээр “RSF бүлэглэл нь хувь хүмүүсийн удирддаг улс биш. Харин “эрх зүйт төр”-ийг байгуулж байгаа” гэж тодотгон, “Бид давамгайллыг бус, харин эв нэгдлийг хүсэж байна. Ямар ч овог аймаг, бүс нутаг, шашин шүтлэг Судан улсад дангаараа ноёрхож, монополь тогтоох ёсгүй гэдэгт бид итгэдэг” хэмээн телеграм хуудсандаа бичсэн байна. 

Цэргийнхэн болон сөрөг хүчнийхний хоорондох дайн хоёр жил үргэлжилж байгаа бөгөөд Дэлхийн томоохон хүмүүнлэгийн хямралын нэг болон хувираад байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд сөргөлдөгч талууд геноцид хийсэн, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх зэргээр дайны гэмт хэрэгт харилцан нэгнээ буруутгасан юм.

Сөрөг хүчний хагас цэрэгжсэн RSF бүлэглэл болон Суданы армийн командлагч, генерал Абдель Фаттах аль-Бурханнарын хоорондох төр, засгийн эрх мэдлийн төлөөх тэмцэл 2023 оны 4-р сарын 15-ны өдрөөс хойш үргэлжилсээр байгаа юм. Өнгөрсөн хугацаанд 150 мянга гаруй хүн амиа алдаж, 12 сая гаруй хүн орон гэргүй болоод байгаа гэсэн тоо гарчээ.

Хүмүүнлэгийн байгууллагуудын зүгээс Судан улс өлсгөлөнд нэрвэгдэхэд ойрхон нөхцөл байдал үүсэж, эл-Фашер орчмын түр хоргодох хуарангуудад 700 мянга гаруй хүн олон улсын хүмүүнлэгийн тусламжийн ачаа бараа хүлээн, өдөр хоногийг маш хүнд байдалд өнгөрүүлж байгааг мэдээлээд байна. 

Энэ долоо хоногийн мягмар гарагт Суданы хүмүүнлэгийн хямралын асуудлаар Лондон хотноо зохиогдсон олон улсын бага хурлын үеэр Их Британи улс 120 сая фунт стерлингтэй тэнцэх хэмжээний хүнсний болон эрүүл мэндийн тусламжийг Судан улсад үзүүлэхээр болсноо зарлажээ. Түүнчлэн нэн даруй гал зогсоохыг бага хурлын үеэр сөргөлдөгч талуудаас шаардсан байна.

0/1000