ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Бүгд Найрамдах Тува Ард Улсын филармонийн гоцлол дуучин Т.Цэцэндэлгэр тагнуулын хэрэгт сэжиглэгдэн, Москва хотноо баривчлагдаад байна. 31 настай Т.Цэцэндэлгэр нь ОХУ-ын нийслэл Москва хотын Лефортово цагдан хорих газарт саатуулагдаж байгаа бөгөөд түүний хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд ил болгоогүй байна.
ОХУ-ын хуулиар зөвхөн гадаадын иргэнийг тагнуул хийсэн хэргээр яллахыг зөвшөөрдөг. Т.Цэцэндэлгэр нь Монгол Улсын иргэншилтэй хэмээн Оросын хэвлэлүүд бичиж байгаа юм. Тува улсын Соёлын яаманд харьяалагддаг соёлын өвийн вэбсаитад бичсэнээр Т.Цэцэндэлгэр Монголын малчны гэр бүлд төрж өссөн гэнэ. Тэрээр 2010 онд Тува улсын Кызыль соёл, урлагийн коллежид суралцан, 2018 оноос өнөөг хүртэл Тува улсын филармонийн гоцлол дуучнаар ажиллаж байгаа ажээ.
Т.Цэцэндэлгэр Тува улсад нэлээд алдартай. Инстаграм хуудас нь 14 мянга гаруй дагагчтай дуучин юм. 2024 оны 1-р сард БНТАУ-ын Төрийн тэргүүн Владислав Ховал “Олон нийтийн эв нэгдлийн он”-ыг хаах албан ёсны арга хэмжээний үеэр дуучин Т.Цэцэндэлгэр болон түүний эхнэр, филармонийн дуучин Елена Куулар нарт талархал дэвшүүлж байсан удаатай ажээ.
Энэ оны 1-р сарын 29-ний өдөр Москва хотын Лефортово дүүргийн шүүхээс Т.Цэцэндэлгэрийг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 276-р зүйл анги буюу тагнуулын хэргээр баривчилах тушаал гаргасан байна. Хэдийгээр эрх баригчид түүнд холбогдох хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд ил болгоогүй ч түүнийг Лефортово цагдан хорих төвд саатуулж байгаа талаар Оросын “Mediazona” вэбсаит лхагва гарагт мэдээлжээ.
Түүнийг баривчлагдсан талаарх мэдээллийг эхнэр нь няцаасан байна. “Гэнэт алга болсон явдал нь Т.Цэцэндэлгэр малчин эцэг, эхтэйгээ уулзахаар нутагтаа очсонтой холбоотой. Хөдөө интернэтийн сүлжээ байдаггүй. Нөхөр маань удахгүй холбогдох болно” хэмээн эхнэр нь хариулсан байна.
Т.Цэцэндэлгэрийн нийгмийн сүлжээний хаягууд өнгөрсөн 1-р сарын 25-наас хойш огт шинэчлэгдээгүй. Дуучин Т.Цэцэндэлгэр эхнэр Елена Куулар болон бусад уран бүтээлчдийн хамт 2-р сарын 10-нд Кызыл хотын Ардын урлагийн өргөөнд зохиогдох тоглолтод оролцох ёстой байсан ч тухайн тоглолт цуцлагдсан талаар Ардын урлагийн өргөө мэдээлжээ. Энэ талаар эхнэрээс нь тодруулахад тэрээр “Mediazona” вэбсаитын сэтгүүлчийн хаягийг блоколжээ.
Москва дахь Монгол Улсын Консулын газар энэ хэргийн талаар мэдээлэл хийхээс татгалзаж, саатуулагдаж байгаа Т.Цэцэндэлгэртэй Консулын газрын ажилтан очиж уулзсан эсэх талаарх асуултад хариу өгөөгүй байна. Тува улсын филармонийн ажилтнуудтай утсаар холбогдож асуухад, тэд энэ талаар ярихаас татгалзаж, “Түүнд юу тохиолдсоныг огтхон ч мэдэхгүй” гээд утсаа тасалжээ.
Оросын “Вконтакте” нийгмийн сүлжээний платформ дээрх Тува улсын филармонийн албан ёсны хуудсанд 2-р сарын 6-ны өдөр Т.Цэцэндэлгэр төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн бичвэр оруулсан байна. Тухайн үед Т.Цэцэндэлгэр хэдийнээ баривчлагдсан байсан талаар “Mediazona” цахим хуудас бичжээ.