horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Их Британийн Дээд шүүх эмэгтэй хүний “биологийн” тодорхойлолтыг дэмжсэн шийдвэр гаргав

post-img

Их Британийн Дээд шүүхийн шүүгчид эрх тэгш байдлын тухай хуульд эмэгтэй хүнийг биологийн хүйсээр нь тодорхойлох болно гэдгийг санал нэгтэйгээр шийдвэрлэсэн байна. Дээд шүүхийн дээрх шийдвэр нь Англи, Уэльс, Шотланд даяар хүйсэд суурилсан хүний эрхийн хууль, тогтоомж хэрхэн хэрэгжих талаар урт удаан хугацаанд үргэлжилсэн маргаан, хууль эрхзүйн тэмцлийг дуусгавар болгов.

2018 онд Шотландын парламент Төрийн байгууллага дахь жендэрийн тэнцвэрийг хангах тухай хуулийн төслийг баталсны дараагаар дээрх хуулийн маргаан эхэлсэн юм. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “For Women Scotland” байгууллага Шотландын сайд нарыг дээрх хуульд трансжендер хүмүүсийг эмэгтэйчүүдтэй нэг ижил хүйс хэмээн оруулсан явдлыг эсэргүүцэн, уг маргааныг эхлүүлжээ. Хэд хэдэн удаа шүүхдэлцсэний эцэст ийнхүү ялалт байгуулж чаджээ.

Дээд шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу 2010 оны Эрх тэгш байдлын тухай хуульд бичигдсэн “эмэгтэй” болон “хүйс” гэсэн үгсийг биологийн хувьд тодорхойлж байгаа гэдгийг шүүгчид тодотгосон байна. Өөрөөр хэлбэл: Хуулийн дагуу эмэгтэй хүн гэдэгт төрөлхийн эм хүйстэй төрсөн хүнийг л хэлэх бөгөөд эмэгтэй хүн гэдэг тодорхойлолтод трансжендер хүмүүсийг багтаахгүй байхаар шүүх шийдвэрлэжээ.  

Гэхдээ Дээд шүүхийн энэ шийдвэр нь нийгэмд хэн нэгнийг бусдаас дээгүүрт тавьж, хүйсээр нь ялгаварлан гадуурхаагүй, зөвхөн хууль тогтоомж дахь тодорхойлолт, нэр томьёог л илүү тодорхой болгож байгаа явдал бөгөөд трансжендер хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдлын эсрэг хуулийн хамгаалалт хүчинтэй хэвээрээ байгаа гэдгийг тодотгожээ.

Дээд шүүхийн шийдвэрийг нийгэмд дэмжин хүлээн авч байгаа нэг хэсэг байхад мөн эсэргүүцэн, хурцаар шүүмжилж байгаа хэсэг ч байгаа юм. Шүүмжлэгчид “Дээд шүүхийн шийдвэрийг хүний ​​эрхийн хувьд маш ноцтой. Нийгэмд хамгийн ихээр гадуурхагддаг зарим хүмүүст асар том цохилт боллоо” гэж үзэж байна.

0/1000