horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Үхсэн” хүн амилсны цаана…

post-img

Цаазын ял авсан зарим хүнийг суллаад, ялыг нь гүйцэтгэсэн тухай хуурамч баримт бүрдүүлчихдэг тухай хүмүүс амнаас ам дамжуулан ярьдаг. Цаазлуулсан гэх хүн амьд явж байхыг харсан, таарсан тухай яриа ч бий. Итгэхэд хэцүү ч үнэмшихгүй байхад бас хэцүү ийм яриа үнэн байж мэдэх нь.

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй Э.Түвшинжаргал гэдэг эмэгтэй бусдыг залилж, их хэмжээний мөнгө авчээ. Энэ хэрэгтээ шүүхээс хорих ял сонсох нь тодорхой болмогц, өөртөө нас барсан гэх хуурамч баримт гаргуулан авч, шүүхээс, ялаас мултарсан хэрэг сая ил боллоо. Түүнтэй хамт луйврын хэрэгт холбогдсон М.С-д шүүх 3 жил 5 сар 4 хоног хорих ял оноосон байна.

Э.Түвшинжаргал нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөр “Тус дүүргийн иргэн Э.Түвшинжаргал элэгний хорт хавдраар нас барсан” хэмээн 2022.02.11-нд “Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ” гаргуулан авч, ааваараа дамжуулан түүнийгээ УБЕГ-т бүртгүүлж, нас барсны 986 тоот гэрчилгээ авчээ.

Уг гэрчилгээг аав нь шүүхэд аваачиж өгснөөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022.02.28-ны өдөр 24 дүгээр тогтоол гарган, шүүгдэгч Э.Түвшинжаргалд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19.1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Шүүгдэгч нас барсан” гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022.05.19-нд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Гэтэл Э.Түвшинжаргал амьд байгааг 2023.12.28-нд хүн харж, цагдаа, шүүхэд мэдэгдсэнээр “үхсэн” хүн эргэж “амь орсон” байна. Энэ бол Монголд амьд хүн үхсэн болж хувирах боломжтойг нотолсон үйл явдал юм.

Э.Түвшинжаргалд хэн, ямар дарга, эмч элэгний хорт хавдраар нас барсан гэдэг онош тавьж, “Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ” гаргаж өгөв? Энэ бол маш ноцтой асуудал. Ийм гэрчилгээн дээр тухайн хүний нас барсан оношийг бичиж, үзлэг хийсэн эмч гарын үсгээ зурж, тамга дардаг аж. Үүнийг нийслэлийн Улсын бүртгэлийн газрын ажилтан шалгаад, бүх юм журмын дагуу байсан тул Э.Түвшинжаргалыг нас барсан гэж улсын бүртгэлд бүртгэн, гэрчилгээ олгожээ. Энэ тухайгаа ч шүүхэд мэдүүлсэн байна.

“Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ” гэх АМ-7 маягт эмнэлэгт л бий. Энэ маягт эмч бүрт байдаггүй. Өгдөг ч үгүй юм билээ. Түүн дээр дарсан тамганы тухайд ч адилхан. Ийм маягт хөтлөх, түүнд онош бичин, гарын үсэг зурж, тамга дарах эрхтэй хүн л Э.Түвшинжаргалд хуурамч гэрчилгээ гарган өгч, амьд хүнийг “үхсэн” болгож хувиргасан нь тодорхой байна. Түүнд гарын үсэг зурсан И.С гэх эмчийг хайхад Баянгол дүүргийн Эрүүл мэндийн газар “И овогтой С гэх эмч манайд ажиллаж байгаагүй” гэсэн хариуг 2024.02.19-нд шүүхэд ирүүлжээ. Ямар ч хүн хуурамч баримтан дээр нэрээ бичихгүй. Хуурамч баримт юм чинь хуурамч нэр л бичнэ. Тэр эмч хэн байв?  

Тэгвэл Шүүхийн шинжилгээний ерөнхий газар Э.Түвшинжаргалын “Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ”-г шинжлээд, “Уг баримтын нөхөх хэсгүүдэд байх бичвэрүүд, баруун доод хэсэгт байх үл уншигдах бүтэцтэй гарын үсгийг хар өнгийн будагчтай бичигч хэрэгслээр гараар бичиж, зурсан байна. Дээрх баримтыг хуулбарлан олшруулах төхөөрөмж ашиглан хэвлэж, тэмдгийн дардсуудыг энгийн хэрэглээний хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн, хуурамч байна” гэж дүгнэжээ. Үүнээс үзвэл Э.Түвшинжаргал уг баримтыг хуурамчаар үйлдсэн, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн газрын АМ-7 маягтыг дуурайлгасан, түүн дээр дарсан тамга ч хуурамч болж таарав.

Тэгэхээр энэ бүхнээс 1 асуулт гарч ирнэ. УБЕГ-ын харьяа газруудын улсын бүртгэгч нар хуурамч бичиг баримтыг ялгадаггүй юм биш үү? Лав л Э.Түвшинжаргалын аавын барьж очсон “Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ”-г хуурамч гэдгийг мэдэлгүй авч, “Нас барсны гэрчилгээ” гаргаад өгчхөж. Хуурамч баримт хүлээж аваад, жинхэнэ гэрчилгээ гаргаад өгчихсөн байгаа юм. Хэрвээ улсын бүртгэгч хэн нэгний барьж ирсэн “Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ”-г хуурамч, жинхэнийг ялгаж чаддаггүй юм бол хэн ч “нас барж” болох нь ээ дээ. Нэг нэгнийг луйвардчихаад, хөнөөчхөөд, “нас барсан” гэж гэрчилгээ гаргуулж аваад л, хаа нэгтээ амьдарч болох нь. Баригдсан нь л Э.Түвшинжаргал болохоос баригдаагүй амьд “үхдэлүүд” хаана хэд ч байгаа юм билээ.

Хуурамч бичиг баримттай холбоотой иймэрхүү хэрэг 2022 оны 11-р сард манай улсад гарч байлаа. 35 настай Б, 33 настай У нар “Цахим ажил” хаягнаас “Хөдөө орон нутгаас хотод ирээд гацагсад холбоо барина уу” гэсэн зар фэйсбүүкт тавьж, хүмүүст нас барсны гэрчилгээ гаргаж өгч байгаад, цагдаад баригдсан юм. Тэд 1 хүнд 250 мянган төгрөгөөр нас барсны хуурамч гэрчилгээ гаргаж өгдөг байжээ. Эднээс хуурамч гэрчилгээ авсан амьд “үхэгсэд” хаана, юу хийж байгаа бол? Түүнийгээ юунд ашигласан бол?

Тэгэхээр цаазлуулсан хүн амьд байхыг үгүйсгэх аргагүй байгаа биз дээ? “Олны үг ортой” гэдэг. Өнөө цагт бол гоо сайхны хагалгаа хийлгээд, бусад хүн байтугай өөрөө өөрийгөө танихгүй болчихсон явж байж ч мэднэ.

0/1000