Америкийн домогт Nirvana хамтлагийн маш ховор, бүх гишүүдийн гарын үсэг бүхий 1991 оны “Nevermind” цомгийн пянз лхагва гарагт Английн Уилтшайр хошууны Вессекс компанийн дуудлага худалдаагаар 18,600 фунт стерлинг хүрч зарагдсан байна.
Гранж рок урсгалын Nirvana хамтлагийн дуучин, гитарчин Курт Кобейн, басс гитарчин Крист Новоселич, бөмбөрчин Дэйв Грол нар 1991 онд Английн Бристоль хотын Биркеллер хэмээх концертын танхимд зохиогдсон, 700 орчим үзэгчтэй тоглолтын үеэр дээрх пянзан дээр гарын үсгээ зурж байсан ажээ.
Дуу хөгжмийн салбарын мэргэжилтэн Мартин Хьюжес дуудлага худалдаагаар зарагдсан дээрх пянзыг “сайтар хадгалагдан үлдсэн, хамтлагийн бүх гишүүдийн гарын үсэгтэй, маш ховор пянз” хэмээн тодорхойлсон байна.
Тус пянз нь 30 гаруй жил нэгэн байшинд хадгалагдсаны дараа ийнхүү шинэ эзэндээ очсон байна.
Тухайн үед дөнгөж уран бүтээлээ эхэлж байсан Nirvana хамтлагийг яг энэхүү “Nevermind” цомог алдаршуулж, олон сая хувиар борлогдож, дэлхийд нэрийг нь түгээсэн байдаг.
Дараагаар нь тус хамтлаг 1993 онд “In Utero” хэмээх гурав дахь бүрэн хэмжээний цомгоо гаргасан ч жилийн дараа буюу 1994 оны 4 сард хамтлагийн ахлагч, дуучин Курт Кубейн амиа егүүтгэсэнээр домогт Nirvana хамтлаг тарж байсан түүхтэй.