Сүүлийн долоон сарын турш өөрийн хүсэлтээр донор болохоор 4447 хүн хүсэлтээ илэрхийлжээ. Манай улсад эд, эрхтний донор тэр дундаа тархины үхэлтэй донор нэн ховор болсон. Иймээс өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн “И-Монголиа” цахим платформд донор болох хүсэлтээ иргэд өөрсдөө өгч болдог болсон. Ингэснээр донор болох иргэдийн тоо нэмэгдэж, сүүлийн долоон сард 4447 иргэн хүсэлт илгээсэн байна.
Донор болох хүсэлтээ илгээхийн тулд “E-Mongolia” системд нэвтрэн, “Үйлчилгээ хайх” хэсгээс “Донорын зөвшөөрлийн хүсэлт” үйлчилгээг сонгон, өөрийн мэдээллийг бөглөн, илгээх юм.
Монгол Улсад амин чухал эрхтнүүдийн эмгэг өвчинтэй, түүний төгсгөлийн үе шатанд орсон, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орох шаардлагатай хүмүүс нэлээдгүй байгаа юм. Ийм өвчнөөс дурдвал:
- Элэгний B, C, D вирусийн шалтгаант элэгний хатуурал,
- Элэгний хавдар,
- Бөөрний архаг үрэвсэл, бөөрний дутагдал,
- Зүрх, судасны архаг өвчин, зүрхний дутагдал
- Нойр булчирхай гэх мэт өвчтэй хүнд нэн тэргүүнд донор хэрэгтэй байдаг аж.