Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) гишүүн орнууд ирээдүйд дэгдэх боломжтой цар тахлын эсрэг илүү сайн тэмцэх зорилготой гэрээний асуудлаар нэгдсэн тохиролцоонд хүрлээ. Энэхүү гэрээ нь Ковид-19 вирусийн дэгдэлтийн үеэр ажиглагдсан зохион байгуулалтгүй байдал, нөөцийн төлөөх өрсөлдөөн зэрэг ирээдүйд үүсэж болох эрсдлүүдээс зайлсхийх зорилготой юм.
Тус гэрээнд шинэ өвчний талаарх мэдээллийг улс орнууд маш түргэн хугацаанд хуваалцах, эрдэмтэн судлаачид болон эмийн компаниудад эмчилгээ, вакцин боловсруулахад илүү хурдан ажиллах боломжийг баталгаажуулах зэрэг хамтын ажиллагааны чухал зүйл заалтуудыг багтаан оруулжээ.
Тодруулбал, дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдсэн үед өвчний эсрэг эм бэлдмэлийн хүртээмжийг бүрэн хангаж, эм бэлдмэл үйлдвэрлэгч компаниуд вакцин, эм бэлдмэл, шинжилгээний бүтээгдэхүүн зэргийн 10%-ийг ДЭМБ-д хуваарилж, 10%-ийг нь “боломжийн үнэ”-р зах зээлд нийлүүлэх үүрэг хүлээхээс гадна ДЭМБ-ын гишүүн орнууд мөн “харилцан тохиролцсон” тохиолдолд эрүүл мэндийн технологийг ядуу буурай улсуудад шилжүүлэхийг зөвшөөрсөн байна.
Уг гэрээний гол цөм болсон нэг санаачлага бол патоген буюу эмгэг төрүүлэгчийн мэдээлэлд нэвтэрч, хуваалцах систем (PABS) бөгөөд энэ нь ирээдүйд гарах цар тахлын үеэр эмийн компаниуд хоорондоо илүү хурдан мэдээлэл солилцож, шинэ эм бэлдмэл дээр илүү хурдан ажиллах боломжийг олгох ажээ.
ДЭМБ мөн түүхэндээ анх удаа амны хаалт, эмнэлгийн хувцас болон бусад хувийн хамгаалалтын хэрэгслүүдийн (PPE) дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний төлөв байдлыг танилцуулахаар болсон байна.
Хууль ёсны дагуу хүчинтэй уг гэрээг ДЭМБ-ын гишүүн орнуудын хооронд гурван жил хэлэлцсэний эцэст энэ долоо хоногийн лхагва гарагт нэгдсэн тохиролцоонд хүрч чадсан байна.
Энэ нь ДЭМБ-ын 75 жилийн түүхэнд хоёр дахь удаагаа ийм төрлийн олон улсын хэлэлцээрт хүрч байгаа тохиолдол бөгөөд анхных нь 2003 оны Тамхины хяналтын хэлэлцээр байсан юм.
Нэгдсэн тохиролцоонд хүрээд буй уг хэлэлцээрийг ДЭМБ-ын гишүүн орнууд ирэх сард зохиогдох Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн хуралдааны үеэр албан ёсоор батлах юм байна.
Д.Трамп АНУ-ыг ДЭМБ-аас гаргаж буйг зарласан учир цар тахлын гэрээний яриа хэлэлцээнд АНУ оролцоогүйгээс гадна ДЭМБ-аас албан ёсоор 2026 онд гарснаар уг гэрээг дагаж мөрдөхгүй болох юм.
ДЭМБ-ын тэргүүн Тэдрос Адханом Гебрейсус уг гэрээг “эрүүл, аюулгүй ертөнцөд чиглэсэн бидний хамтарсан аяллын чухал үе шат” хэмээн онцолж, нэгдсэн тохиролцоонд хүрснээрээ гишүүн орнууд олон талт үзэл устгаж үгүй болчихоогүй байгааг, улс орнууд нэгдэж, аюул заналхийлэлд хамтын хүчээр хариу үзүүлж чадна гэдгийг дахин батлан харууллаа гэжээ.