Пүрэв гарагт ОХУ-ын Дээд шүүх тус улсын террорист байгууллагуудын бүртгэлийн жагсаалтаас Афганистаны Талибан бүлэглэлийг хасч, тус байгууллагын үйл ажиллагааны эсрэг тавьсан хоригоо цуцлах шийдвэрийг гаргалаа. Дээд шүүхийн хуралдаан хаалттай байдлаар явагджээ.
Ийнхүү ОХУ-ын Дээд шүүхийн шийдвэрийн дагуу 2003 онд ОХУ Талибан бүлэглэлийг террорист байгууллага хэмээн тодорхойлж байснаа хүчингүй болгоод байна.
Талибан хөдөлгөөнийхөн 2021 оны 8-р сард Афганистан улсын төр засгийн эрхийг гартаа авснаар өнөөг хүртэл тус улсыг удирдаж байгаа юм.
ОХУ-ын ерөнхийлөгчийн Афганистаны асуудал хариуцсан тусгай элч төлөөлөгч Замир Кабулов энэхүү асуудлаар ТАСС агентлагт ярилцлага өгсөн байна. Тэрээр хэлэхдээ, Дээд шүүхийн шийдвэр нь хоёр орны улс төр, эдийн засгийн харилцааг бүрэн дүүрэн тогтооход учирч буй хууль эрх зүйн саадыг арилгалаа гэжээ.
ОХУ-аас Афганистанд суугаа элчин сайд Дмитрий Жирнов пүрэв гарагт тус улсын гадаад хэргийн сайд Мавлави Амир Хан Муттакид шүүхийн шийдвэрийг албан ёсоор уламжилсан болохыг Талибаны Гадаад хэргийн яам нийгмийн сүлжээгээрээ дамжуулан мэдэгдсэн байна.
Талибаны гадаад хэргийн сайд мөн Оросын засгийн газарт талархал илэрхийлэхийн сацуу дээрх шийдвэр нь Афганистан, Оросын харилцаанд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсныг харуулж, хоёр улсын улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд саад болж байсан сүүлчийн саадыг арилгасан хэмээн хэлсэн байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн оны 11-р сард Афганистан улстай харилцаагаа хөгжүүлнэ гэж найдаж байгаагаа хэлж, Афганистан улсын дотоод нөхцөл байдал тогтворжиж байгааг Орос улс үл тоомсорлож болохгүй гэжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар Путины засаг захиргаа одоо терроризмын эсрэг арга хэмжээний талаар талибуудтай харилцаагаа нэмэгдүүлэх төлөвтэй байна. Сүүлийн үед Орос улсад Исламын хэт даврагчдын үйлдсэн гэх халдлагууд гарах болсон. Түүнчлэн талибууд Афганистанд байрлаж буй Исламын улс бүлэглэлийн гишүүдийг дарахын тулд Оростой хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг хүсэж байна хэмээн шинжээчид үзэж байна.