Засгийн газрын гишүүд зальтай. Түүнд нь УИХ дандаа унадаг. Манай парламент хууль бөөндөөд л байдаг. Самбартайгаа ярьж, шохойгоо шүлсдэж байгаад бичдэг багш шиг. Сурагчид ард нь шуугилдаж, юм юм л болж байдаг даа. Багшийн зааж буй хичээлийг ойлгохгүй ч урдуур суугаад хуулж бичдэг ганц хоёр хүүхэд байдаг л юм. Манай чуулганы танхим иймэрхүү л дүр зурагтай даа.
Засгийн газар аливаа хуулийн төсөл санаачлахдаа сайтар боловсруулсны дараа УИХ-д өргөн барих ёстой. ЗГХЭГ, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам гээд түүнийг нь хянах, цэгцлэх боломжтой бүх яам, мэргэжилтнүүд нь Засгийн газарт өөрт нь бий. Гэвч Засгийн газар тэгдэггүй. УИХ батлахгүй яах юм гэсэн хандлагаар түүхий төсөл УИХ-д өгөөд, “Яаралтай горимоор” гээд зүтгэчихдэг. Ийм л байдлаар батлуулсан Засгийн газрын түүхий хуулиуд амьдрал дээр тараа таниулж, бушуу туулай борвио баастахын цондон болоод байгаа.
Энэ сарын 17-ны чуулганы үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Биржийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. Гэхдээ гурван тусдаа үзэл баримтлалтай орж ирэх асуудлыг Уул уурхайн биржийн тухай хуулийг дагуулаад оруулаад ирлээ. Энэ хууль дотор баялгийн солилцоог оруулаад ирсэн. Энэ асуудал биржийн арилжаанд хамаарахгүй. “Гуя дагуулж, хүзүү” гэгчээр “Бөөнд нь түлхээд аргална даа, хүчлээд гарна даа. Энэ хэдэн шинэковууд зүгээр батална аа” гээд байгаа байхгүй юу. Эсхүл чихэж оруулж ирээд бөөндөх ёстой юм уу” гэж шүүмжиллээ.

Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, түүхий эдийн үнэ унасантай холбоотойгоор Уул уурхайн биржээр зарж байгаа ашигт малтмалын борлуулалт удааширч, үнэ нь унав. Энэ нь манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар Биржийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барьсан юм. УИХ түүнийг хэлэлцэхгүй буцааж чадахгүй. Хэлэлцэх эсэхээ шийдээд, УИХ өөрөө ажлын хэсэг байгуулж, уг хуулийн төслийг засаж цэгцлэх бололтой.
Төсөв батлах бүрэн эрхээ УИХ 2019.11.14-нд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Засгийн газарт өгчихсөн. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг УИХ хэлбэр төдий хэлэлцсэн болоод, баталчихдаг. Ганц хоёр гишүүн камер, сэтгүүлч харахаараа үг хэлж, ширүүн төрх гарган, цогтой тэмцэгч, ажил хэрэгч дүр үзүүлэн шүүмжилдэг ч товчлуураа дарахдаа ярьсныхаа эсрэг санал өгдөг.
Хууль санаачлах эрх уг нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт бий. Иргэд бол Д-парламентаар дамжуулан хууль санаачлах эрх үүссэн. Гэвч Засгийн газраас санаачилсөн хуулиас бусад нь батлагдана гэдэг гонж. Энэ талаар “Оюуны инновац” ТТБ-ын гүйцэтгэх захирал, хуульч Б.Төрболд “Хуулийг 6 шат дамжлагаар баталдаг. Хуулийн төслийг саитад байрлуулж, 1 сар байлгадаг ч хэн ч харахгүй байна. Нэр төдий ингэж байрлуулан, Засгийн газар хүчээр хуулийн төслөө батлуулдаг. Ерөнхийлөгч, УИХ санаачилсан хуульдаа Засгийн газраас санал авахад хэцүү байдаг. Засгийн газар ажлын 30 хоногт багтаан, саналаа өгөх ёстой ч ихэнхдээ дэмждэггүй. УИХ-ын гишүүд үнэндээ Засгийн газраас хамаарч байна” гэж Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс энэ сарын 10-нд зохион байгуулсан “Иргэний орон зай ба бодлого боловсруулалт” зөвлөлдөх уулзалтын үеэр ярьсан юм.
УИХ-ын гишүүд ч энэ тухай ярьдаг. 2021.12.16-нд УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Сүүлийн 20-30 жилийн хугацаанд Үндсэн хуулиар олгогдсон эрхээсээ УИХ татгалзсан. УИХ-аа мөлжсөөр байгаад сул болгосон. УИХ төрийн эрхийг барих дээд байгууллага гэж байгаа боловч үнэн хэрэгтээ эрх мэдлээ алдчихсан. Ер нь өвлийн хүйтэнд нимгэн хувцастай хүн шиг л болсон. “УИХ-аас Засгийн газрын гишүүнд хариуцлага тооцож байгаа учраас сайд нар айгаад ажиллаж чадахгүй байна” гэсээр байгаад болиулсан. Гэтэл сүүлийн 2 Засгийн газар гялалзтал сайн ажилласан уу? Тагнуулын байгууллагаас тодорхой зүйл асуухаар бичгээр хариулна гэх юм. Өмнө нь бол тэгдэггүй байсан. Ер нь УИХ-ын нэр хүнд шалдаа буусан. Өөрсдөө ажилдаа эзэн болж чадахгүй байхад биднийг хэн ч тоохгүй” гэж ярьж байлаа. 3 жилийн дараа УИХ-ын гишүүд аанай л энэ тухайгаа яриад л сууж байна.
2024 оны төсөв тодотгох үед Засгийн газар Худалдан авах ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл дагалдуулан УИХ-д оруулж ирээд, тендергүй болох санаагаа УИХ-аар батлуулж, гишүүдийн гараар могой бариулах гэж оролдсон юм даг. УИХ дахь МАН, АН-ын бүлэг үүнийг УИХ-ын улсын төсөв батлах онцгой бүрэн эрхэд халдсан байж болзошгүй зүйл заалт гэж үзэж байлаа. УИХ-ыг хүчгүйдүүлэх сонирхол Засгийн газраас үе, үе цухалзах болсон нь өргөн барьсан хуулийн төслүүдээс нь ил харагддаг. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг төсөв өргөн барих бүртээ УИХ-д хамт оруулж ирж, хүссэнээрээ өөрчлөн батлуулдаг болсон.
Үүнийг эдийн засагчид, хуульчид ч харж л байна. Эдийн засагч, доктор Р.Даваадорж 2024.11.22-д “Энэ бол хуулиа мөрддөггүйн бодит жишээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг жил бүрийн 5 дугаар сард баталдаг. УИХ-ын гишүүд үүнийг тал бүрээс нь хэлэлцэж, дүгнэлт бичин, бөөн юм болж байж баталдаг. Харамсалтай нь хуульгүй орон болчхоод байгаа юм л даа” гэж манай саитад өгсөн ярилцлагаа хэлсэн юм.
“Урбанек” ХХК-ийн ерөнхий захирал, эдийн засагч, доктор Б.Лхагважав “Улсын төсөв бол УИХ-ын онцгой эрхийн асуудал. Улсын төсөв дотор татвар, даатгал бүгд орно. УИХ онцгой эрхийнхээ нэг хэсгийг, татвар, даатгалыг 1993 онд гүйцэтгэх засаглалд өгчихсөн. ХХОАТ-ыг 2016 онд орон нутагт хүртэл өгсөн. УИХ-ын онцгой эрхийг шилжүүлж авсан эдгээдүүд тонгочиж байна. Үүнийг УИХ харах ёстой. УИХ одоо энэ эрхээ буцааж ав!” хэмээн 2025.02.05-нд time.mn-д өгсөн ярилцлагадаа онцолж, УИХ-д үгээ дайж байв.

Харин одоо УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Би удаа дараа хэлж байгаа. Яаралтай горимоор, нягтлалгүй оруулж ирсэн төслүүд нь хэрүүл дагуулж байна. Маш олон төслийг буцаах шаардлага байна. Буцаачихаар Засгийн газраас “УИХ нь өргөн барьсан төслийг хүлээж авдаггүй. УИХ нь Засгийн газрынхаа бодлогыг дэмжсэнгүй” гэдэг асуудалтай тулгардаг. Гадаа гарахаараа “УИХ өргөн барьсан төслүүдийг хэлэлцүүлдэггүй” гэж ярьдаг. Энэ байдлыг таслан зогсооно. УИХ гишүүдийн шүүмжлэлтэй санал нэг байна. УИХ, Засгийн газрын хуулийн тасаг шиг ажиллахгүй. Зарим зүйл дээр хатуу байр суурь илэрхийлж буцаана. Одоо бүр амар юм болох нь. Хуулийн шаардлага хангаагүй төсөл өргөн барьчихаад “УИХ энэ асуудлыг авч хэлэлцэхгүй байна” гэж хэвлэлд ярьдаг. “Засгийн газар ажил хийх гээд байгаа юм” гэсэн бодлоор дэмжих гээд ажиллаад байх тусам асуудалд буруу зөрүү хандаж байна. Даварсаар даварсаар дагвын оронд гэгчээр өөрсдөө хууль хэрэгжүүлэхгүй, шаардлага хангахгүйгээр хуулийн төслүүд өргөн барьчихаад, одоо хэлэлцүүлсэнгүй гэж байна. Зөвшөөрлийн хуулийн өөрчлөлтийг дагалдуулаад Эрүүгийн хуулийн өөрчлөлт оруулж ирэх нь ариун явдал мөн үү” гээд хатуурхав.
Гэвч тэгж чадах юм уу даа. Улс хэцүүднэ, дараа нь засъя, хэлэлцэхдээ цэгцэлье гээд л хүлээгээд авчихна. Өмнөх янзаараа. УИХ үнэндээ бол аль хэдийнэ Засгийн газрын Хуулийн тасаг болчихсон нь үнэн шүү дээ. Өөрсдөө ч тэрийгээ мэдсээр байж, тэгж ажиллаад байдаг нь Засгийн газрын Хуулийн тасаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг л дээ.