horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Колумб улс шар чичрэг өвчний улмаас эрүүл мэндийн онц байдал зарлав

post-img

Колумб улсад шар чичрэг өвчний улмаас хамгийн багадаа 34 хүн амиа алдаад байгаатай холбогдуулан тус улсад үндэсний хэмжээнд эрүүл мэндийн онц байдал зарлалаа.

Шар чичрэг өвчин нь шумуулнаас хүнд дамждаг вирусийн халдварт өвчин бөгөөд үхэлд хүргэх аюултай юм. Шар чичирэгийг оношлоход хэцүү бөгөөд бусад өвчин болон халуурахтай андуурагдах эрсдэлтэй ажээ. Уг өвчнөөс вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой ба вакцин нь дийлэнх тохиолдолд насан туршийн хамгаалалт өгдөг байна.

Улаан өндөгний баярын үеэр Колумбын олон иргэд халдвар тараагч шумуул илүү их тархсан дулаан бүс рүү аялдаг тул Улаан өндөгний баяраас өмнө вакцинд хамрагдахыг засгийн газраас ард иргэддээ уриалжээ.

Колумб улсын эрүүл мэндийн сайд Гильермо Альфонсо Жарамильо хэлэхдээ, эрсдэл өндөртэй бүс нутгийг зорих хүмүүс вакцинд хамрагдсан гэрчилгээг үзүүлэх шаардлагатай болно гэжээ.

Шар чичрэг өвчний энэ удаагийн дэгдэлтийн үеэр батлагдсан 74 тохиолдол бүртгэгдээд байгааг эрүүл мэндийн сайд мэдэгдэж, Колумб улсад үнэ төлбөргүй байдаг вакцинжуулалтад хамрагдахыг иргэддээ уриалсан байна. Мөн тэрээр энэ удаагийн дэгдэлтийн үеэр халдвар авсан хүмүүсийн нас баралтын түвшин 50 орчим хувьтай байгааг  

Колумб улсад энэ жил бүртгэгдсэн тохиолдлын тоо сүүлийн жилүүдийнхээс хавьгүй илүү байна. Эрүүл мэндийн яамнаас нийтэлсэн тоо баримтаас харахад 2023 онд хоёрхон тохиолдол бүртгэгдэж байсан бол 2019-2022 онд нэг ч тохиолдол бүртгэгдээгүй ажээ.

Шар чичрэгийн ихэнх тохиолдол тус улсын Толима мужийн зүүн хэсэгт төвлөрч байна. Тухайн хэсэг нь кофены тариалан, үзэсгэлэнт байгалиараа алдартай бөгөөд дотоод, гадаадын жуулчдын хөдөлгөөн тасардаггүй, очих дуртай газруудын нэг юм байна.

Колумбын ерөнхийлөгч Густаво Петро вакцин хийлгээгүй хүмүүсийг Улаан өндөгний баярын үеэр эрсдэл өндөртэй газруудад очихгүй байхыг анхааруулжээ.

ДЭМБ-ын мэдээлснээр халдварын эхний үе шатанд ихэнх хүмүүст халуурах, булчин болон нуруу өвдөх, толгой өвдөх, чичрэх, хоолны дуршил буурах, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрсний дараа эдгэрдэг байна. Харин шар чичрэг туссан хүмүүсийн 15 орчим хувь нь өндөр халуурах, шарлах, цус алдах, бөөрний үйл ажиллагаа муудах зэрэг хоёр дахь, илүү ноцтой үе шаттай тулгардаг бөгөөд энэхүү “илүү хортой” үе шатанд орсон хүмүүсийн тал хувь нь ихэвчлэн 10-14 хоногийн дотор нас бардаг хэмээн ДЭМБ-аас мэдээлжээ.

0/1000