АНУ, Украин улсууд ашигт малтмалын асуудлаар тохиролцоонд хүрэхээр шийдсэнээ илэрхийлсэн санамж бичигт гарын үсэг зурлаа хэмээн Украины тэргүүн шадар сайд Юлия Свириденко мэдэгдлээ.
“Өнөөдөр бид АНУ-тай эдийн засгийн түншлэлийн хамтын гэрээ байгуулах алхам хийлээ. Хоёр тал харилцан ашигтай гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, хэлэлцээнд оролцогч багуудын бүтээлч хамтын ажиллагааг баталгаажуулсан санамж бичигт гарын үсэг зурлаа” хэмээн тэрээр өөрийн Facebook хуудсандаа бичжээ.
Энэ долоо хоногийн лхагва гарагт Украины ерөнхийлөгч В.Зеленский АНУ-тай хийж буй ашигт малтмалын гэрээний асуудлаарх яриа хэлэлцээ “сайн үр дүнд хүрсэн” гэж мэдэгдэж байсан юм.
Тэгвэл Украины тэргүүн шадар сайд Юлия Свириденкогийн мэдэгдсэнээр ойрын ирээдүйд байгуулагдах гэрээ нь Украины дэд бүтцийг сайжруулах, их хэмжээний хөрөнгө оруулалт хийх замыг нээх болно гэжээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр мөн талууд Украиныг сэргээн босгох хөрөнгө оруулалтын санг байгуулахаар бэлтгэж байгаа ажээ.
“Дараагийн ажил бол гэрээний баримт бичгийг эцэслэн боловсруулж, гарын үсэг зурах явдал юм. Түүний дараа хоёр улсын парламентаар батлах үйл явц үргэлжилнэ. Яриа хэлэлцээг явуулсан Украин, Америкийн техникийн багуудад мэргэжлийн, бүтээлч, шуурхай ажилласанд баярлалаа” гэж Ю.Свириденко мэдэгдэв.
Америкийн талаас анх санал болгосон гэрээнд гарын үсэг зурах явдал Цагаан ордон дахь Трамп, Зеленский нарын хэрүүл маргаанаар бүтэлгүйтэж байсан бол өнгөрсөн сарын 27-ны өдөр Вашингтоноос ашигт малтмалын гэрээний шинэ хувилбарыг хүлээн авснаа Киевийн зүгээс мэдэгдэж байсан билээ.
Шинэ гэрээнд заагдсаны дагуу Украин АНУ-д 120 тэрбум ам.долларын зэвсгийн тусламжийг нөхөн төлж барагдуулахаар болоод байгаа юм. Түүнчлэн АНУ Украиныг сэргээн босгох хөрөнгө оруулалтын санд хяналтаа тогтоож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уул уурхайн түрээсийн орлогын зарим хувь дээрх санг бүрдүүлэх ажээ.