Украины ерөнхийлөгч В.Зеленский Хятад улс Орост зэвсэг нийлүүлж байгаа мэдээлэл түүнд байгаа хэмээн мэдэгдлээ.
Тэрээр хэлэхдээ, Украины аюулгүй байдал болон тагнуулын албанаас Хятад улс Оросын талд дарь, их буу нийлүүлж буй талаарх мэдээллийг хүлээж авсан гээд “энэхүү асуудлын талаар бид дэлгэрэнгүй ярилцахад бэлэн байна” гэжээ.
Гэхдээ тэрээр мэдэгдэлдээ ямар төрлийн, хичнээн тоо хэмжээний зэр зэвсгийг Хятад улс Оросын талд нийлүүлсэн болохыг нарийвчлан мэдээлээгүй ч Киевийн зүгээс энэ талаарх иж бүрэн, дэлгэрэнгүй мэдээллийг ирэх долоо хоногт ил болгох болно гэсэн байна.
Мөн тэрээр хүлээж авсан мэдээлэлдээ цочирдоогүй хэдий ч хүлээж авахыг, харахыг огт хүсэж байгаагүй мэдээллийн гэрч болсноо тодотгожээ.
В.Зеленский дайны явцад БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй удаа дараа ярилцах үеэрээ түүнээс Кремльд зэвсэг нийлүүлж байгаа эсэх тухай шууд асууж байсан ба тухайн үед Бээжин зэвсэг нийлүүлэх явдалд ямар нэгэн оролцоогүй хийгээд Москвад зэвсэг нийлүүлж, худалдаалах ямар ч сонирхолгүй хэмээн батлан хэлж байсныг дурьдсан байна.
“Гэвч харамсалтай нь өнөөдөр бид огт өөр мэдээллийг харж байна. Хятад, Орос улсууд батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэх ажлын талаарх баримт хэдийнээ бидний гарт байна. Эдгээр нь маш муу, сөрөг баримтууд юм” хэмээн Украины төрийн тэргүүн хэлсэн байна.
Хятад улс Украины мөргөлдөөнд төвийг сахисан байдлыг баримталж ирсэн ч 2022 онд ОХУ Украинд халдан довтолсноос хойш тус улсад дипломат болон эдийн засгийн дэмжлэг туслалцаа үзүүлсээр байгаа билээ.