2025.04.17-ны шөнийн 10:00 цаг. Тод цэнхэр өнгийн унтлагын хувцастай, 40 эргэм насны согтуу эмэгтэй үүд тушаа зогсож, яс нь овойж харагдах хугарсан хөлөө ялимгүй дээш өргөжээ. “Хугарсан юм уу даа. Өвдөхгүй л байна” гэх түүний яриаг ууртай гэгч нь өлгөн авч “Архи чинь гарахаар өглөө мэдрэгдэх байлгүй дээ” гэж хамт яваа охин нь уцаарлана. Согтуу, унасан, хөл, гар нь хугарсан, амиа хорлосон олон хүн энд ирнэ.
Хүний хөл тасарч үзээгүй гэх Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт өнөөдөр ч бас өвчтөнүүд үүд таглартал оочирложээ. Ойр тойрныг хэсэг ажиглав. “Хөл дээр нь хашааны чулуу унасан” гэсээр дэрсхэн бяцхан хүү нүд дүүрэн нулимстай ирлээ. Ухаан алдсан, сэхээн амьдруулах шаардлагагүй л бол бүх хүн оочирлон зогсож, бүртгүүлнэ. Өнөөх бяцхан ч бас ээжийнхээ хөхнөөс зуурсаар дарааллаа хүлээнэ. Ээжийн мөөм амнаас нь салах төдийд хүү уйлах аж. Цаг ч явсаар, хүн ч нэмэгдсээр. “Дараагийнх нь ороорой” гэх эмчийн дуунаар хамгийн хойно байсан хүн ч өндийж хардаг нь ёс гэмээр. ”Чи хэдийг уусан болоод гишгэх газраа ч хардаггүй байна аа. Ороод архи уусан гэж хэлэв дээ. Дуугай л байгаарай” гэх мэр сэр яриа чих дэлсэнэ.
11:00 цаг орчимд “ Өндрөөс унаж, амиа хорлохыг завдсан хүн ирлээ” гэсээр их эмчийг дуудав. Хар хувцастай, 160 орчим өндөр, 20 гаруй насны охин орон дээр хэвтэж, хажууд нь нэг үеийн гэмээр 2, 3 залуу дагалдан явах аж. Нэг залуу нь эмчийн чихэнд аяархан шивнээд ”Зайсан дээрээс үсэрсэн гээд байгаа юм. Гэтэл ямар ч шарх байхгүй. Худлаа жүжиглээд байх шиг байна” гэсээр эмч хаашаа л явна тэр зүгт дагаж явна. Нэгэнт л эмнэлэгт ирсэн учир эмч шаардлагатай шинжилгээ авахыг туслах эмчид зөвлөөд, өнөөх хүүхдүүдэд “Шинжилгээний хариу гартал хүлээ” гээд хөл тавих зайгүй үзлэгийн өрөө рүү явлаа. Үүд хүний хөлд дарагдсан хэвээр. “Алив би өрөө рүүгээ ороодохъё. Зай байна уу?…
2 настай жаахан охин гараа барьсаар ээждээ тэврүүлэн орж ирлээ. “За яасан билээ”. “Шүдийг нь угааж байгаад санаандгүй гараас нь татчихсан чинь тохой нь мултарчихлаа” гээд инээж байна. “Хэд дэх удаагаа мултарч байна” гэхэд, “3 дахь удаагаа” гэв. Орж ирэхдээ л инээд алдсан түүнд архаг шинж ажиглагдсаныг нуух юун.
50 эргэм насны ах хаалга нээж, “Эмч ээ! Би урьд шөнө шатнаас унаад, эрхий хуруугаа хугалчихлаа. Өдөр ирье гэсэн ч ажилтай байгаад чадсангүй” гэв. Үзлэгийн өрөөнд орж ирсэн ихэнх хүнийг 203-р өрөөнд очиж гэмтсэн, хугарсан хөл гар, хүзүү ,толгойн зургийг нь авахуулахаар явуулна.
Анх үүдээр орж ирэхэд зогсож байсан цэнхэр унтлагын хувцастай, зүүн хөл нь хугарсан эмэгтэй тэргэнцэр дээр сууж, түрүүлсээр орж ирэв. “Би өөрөө босоод алхчих уу “гээд л хээв нэг ярина. “Хагалгаанд орохгүй бол болохгүй. Хөл дээрээ босож чадахгүй “гэж эмч хэллээ. “Заавал орох юм уу? Энэ нэг их өвдөхгүй л байна даа” гээд эмчийн өгсөн өвчин намдаах эмийг шүлсээрээ норгон, залгих зуураа “Энэ эм чинь надад үйлчлэх үү” гээд л согтуу хүний аашийг хэдэнтээ гаргаад амжлаа. Арай гэж хагалгаанд орох ёстойг нь түүнд ойлгуулаад, өрөөнөөс гаргав.
“Манай хүүг ангийнх нь хүүхэд цохиод гүйсэн гэсэн. Надад юм хэлэхгүй, эмчид л хэлнэ гээд байна” гэх дараагийн үйлчлүүлэгч. “За яасан. Юу болсон бэ, ахын дүү” гээд эмч асуув. “Би нэг охинтой үерхээд” гээд л амандаа бувтнаж байна. “Ийм юманд эмчид хандаад байхдаа яах вэ дээ. Ачаалал нэмээд байх юм” гэж бодовч энэ их шарх сорвитой, архи, тамхи үнэртүүлсэн хүмүүсийн хажуугаар хаа нэг ийм хүн орж ирвэл сэтгэл сэргэх юм даа гэсэн бодол ч төрөв.
Үзлэгийн өрөөний гадаа үймсэн олныг ажиглахаас илүү эмчийн өрөөнд олон хачирхалтай үйл явдал өрнөдөг аж.
Дараагийн, дараагийн, дараагийн хүн ороорой… Шөнийн 2 цаг орчимд “Өөрийгөө боомилсон залуу ирлээ” гэх сувилагчийн дуу хадав.
Хар бомбер өмссөн 25 орчим насны, намхан махлагдуу залуу бүхэл бие нь таталт өгч, амь нас нь дээсэн дөрөөн дээр харагдана. “Өөрийгөө боомилсон гэсэн үү. Нэлээн удсан шинжтэй байна” гээд хэдэн талаас нь эмч нар бүчин ирж, хувцсыг нь хайчилж байх нь харагдлаа. Харахад нүд халтирам дүр зураг. Хайран сайхан залуу нас гэж дотор үймэрнэ.
“Манай мэргэжлийн хамгийн хэцүү нь бүх зүйлд бэлэн байх ёстой. Ээж, аавыгаа, хайртай хүмүүсээ, хүүгээ ийм болсныг үзээд, хүйтэн хөлсийг нь арчиж зогсохыг харахад зүрх шимширдэг” гэх эмчийн яриа санаанд оров. Нээрээ л тэд юунд ч бэлэн мэт тайван харагдана. Өдрийн 4 цагаас маргаашийн 8 цаг хүртэл 300-400 хүнд үйлчилж, хэдэн өрөө дамжин үзлэг хийж, үхэл амьдралын зааг дээрх олон хүнтэй тааравч ядарсан шинжгүй. Бараг л зүгээр хараад сууж байгаа надаас ч илүү тайван байв. Олон жил өдөр шөнөгүй эрүүл энхийн манаанд зүтгэж яваа тэд энэ үзэгдэлд хэдийнэ дассан биз. Оройн 10 цагаас хойш хоол унд идэж, ус уух байтугай угаалгын өрөө орсон нэг ч эмчийг олж харсангүй.
Аль хэдийнээ шөнийн 03:00 цаг болжээ. Би ч гэмтлийн эмнэлгийг орхиж, гэрийн зүг явлаа. Дараагийн хүн ороорой…
2025-04-21 03:56:34
Гэмтлийн эмч нарт талархаж явдаг даа 🙏🏼🙏🏼🙏🏼
2025-04-21 00:46:09
Хэдэн хүнтэй байхад ганц гэмтэл байлаа? Одоо 3 сая давсан хүн байхад дахиад нэг гэмтэл барихаар болсон доо