Өнгөрөгч сарын сарын сүүлээр Испанийн тансаг зэрэглэлийн Loewe брэндийн уран бүтээл эрхэлсэн захирлын албанаас бууж байгаагаа зарласан Умард Ирландын загвар зохион бүтээгч Жонатан Андерсон Dior брэндийн эрэгтэйчүүдийн хувцас загварын бүтээлч захирлаар томилогдлоо.
Энэ оны 1-р сард Британийн загвар зохион бүтээгч Ким Жонс Christian Dior брэндийн эрэгтэй хувцас загварын уран бүтээл эрхэлсэн захирлын албанаас буусан бөгөөд уг албан тушаалд Жонатан Андерсоныг очиж магадгүй байгаа талаар хэвлэлүүд бичиж байсан нь ийнхүү батлагдлаа.
Тэрээр Loewe брэндийн уран бүтээл эрхэлсэн захирлаар 11 жилийн турш ажилласныхаа дараагаар ийнхүү Christian Dior брэндийн эрэгтэйчүүдэд зориулсан хувцас загварын уран бүтээл эрхэлсэн захирлын суудалд очиж байна.
Жонатан Андерсон энэ талаараа пүрэв гарагт өөрийн Инстаграм хуудсандаа нийтлэл оруулж, албан ёсоор мэдэгдсэн байна.
Dior-ийн зүгээс мөн Жонатан Андерсоныг Dior Homme брэндийн 2026 оны зуны коллекц дээр ажиллаж байгаа талаар мэдээлсэн бөгөөд тус коллекцийг ирэх 7-р сарын 27-ны өдөр Парис хотноо танилцуулахаар болжээ.
Ж.Андерсон Лондоны загварын коллежид суралцаж төгссөн бөгөөд уран бүтээлийн гараагаа Prada брэндийн маркетингийн хэлтсээс эхэлж байжээ. Тэрээр 2008 онд өөрийн нэрийн брэндийг үүсгэн байгуулж байсан бол Loewe-д 2013 оноос ажиллаж эхэлсэн байна. Ж.Андерсон нь чөлөөндөө гарсан ирландын регбигийн багийн ахлагч Вилли Андерсоны хүү юм.
Тэрээр өөрийн гэсэн өвөрмөц, жендерт баригддаггүй, хувцас загварын шинэлэг, инновацлаг хэв маягаараа алдартай бөгөөд салбарын олон шилдэг шагналуудыг хүртэж байснаас хамгийн сүүлд өнгөрсөн оны 12-р сард зохиогдсон 2024 оны Fashion Awards шагнал гардуулах ёслолоос “Оны шилдэг загвар зохион бүтээгч” шагналыг хүртсэн юм.