horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Вика, Дося хоёр үзэсгэлэнт сармагчин Монголчуудад авьяасаа үзүүлэх гээд 6000 км-ийн алсаас ирсэн

post-img

Дэлхийн циркийн супер үзүүлбэрүүдийг багтаасан тоглолт Монгол улсад тоглогдож байгаа юм. 15 улс орны шилдэг циркчдийн ховор номеруудыг багтаасан энэ удаагийн тоглолт 2 манежтай явагдах бөгөөд зэрэгцээ манежтай циркийн тоглолт явуулж байгаа 5-6-хан улсын нэг нь манай улс болж байгааг дуулгахад таатай байна. Дэлхийн циркийн од сармагчнуудын сонирхолтой үзүүлбэрүүдийг дэглэсэн амьтан сургагч Рамис Шагиевтэй хийсэн ярилцлагаа толилуулъя.

-Монголын үзэгчдэд авьяасаа гайхуулахаар ирсэн жүжигчин сармагчнуудаа танилцуулахаас ярилцлагаа эхлэх үү?

-Би өөрийн үзэсгэлэнт хоёр шавь сармагчинтайгаа Монголын үзэгчдийг зорьж 6000 км-ийн алс Узбекстан улсаас Монголд ирээд байна. Миний хоёр шавийг Дося, Вика гэдэг. Узбекстан улсын Ташкент хотод амьдардаг бидний хувьд их алсаас зорьж ирсэн гэдэг утгаараа энэ тайзан дээр зогсохын тулд багагүй саад бэрхшээлийг даван туулж ирсэн гэж хэлж болно.

 – Та хэчнээн жил циркийн амьтан сургаж байна вэ? Сармагчнаас өөр төрлийн амьтан сургадаг уу?

-Би 26 жил циркийн урлагт хүчин зүтгэж байна. Үзэсгэлэнт Дося, Вика хоёр сармагчин бол миний олон төрлийн шавь нарын ердөө хоёр нь. Ташкент хотод миний сургуулилтын морьд, одой морьд, ноход, сургуультай ямаанууд хүртэл бий. Дээр нь мэдээж Вика Дося хоёроос өөр төрлийн сармагчин бас бий.

-Дося, Вика хоёр ямар төрлийн сармагчин бэ?

-Энэ хоёр өөр өөр төрлийнх. Миний мөрөн дээр сууж байгаа Дося Макака үүлдрийнх. 4 настай учраас өсөлт хараахан дуусаагүй байгаа. Илүү томорно гэсэн үг. Энгэрт байгаа Викагийн хувьд 11 настай. Байгаль дээрх өсөлт хөгжлийнхөө хэмжээг гүйцээсэн буюу үүнээс илүү томрохгүй. Байгаль дээр хэрвээ жамаараа амьдрахаар эдгээр төрлийн сармагчнууд 30 хүртэл насалдаг. Харин манай циркийн амьтад байгалийн шалгарлыг туулж байгаа сармагчнуудаас хамаагүй урт насалдаг. Тогтмол эмчийн үзлэгт хамрагддаг, шаардлагатай вакцинжуулалтад орохоос гадна витамин уудаг зэрэг нь урт наслах шалтгаан нь болдог болов уу.

-Сармагчин их хөөрхөн харагддаг болохоор хүүхдүүд тэжээхийг ч юм уу сармагчинтай болохыг хүсэж магадгүй юм?

-Хэрвээ сармагчныг циркийн үзүүлбэрт зориулж авах хүсэлтэй хүн байдаг бол 1 нас хүрэхээс нь өмнө олж авах хэрэгтэй. Гэхдээ сармагчин бол тоглоом биш гэдгийг ойлгох хэрэгтэй. 1 нас хүртлээ яг нялх хүүхэд шиг сүү ууж, хүүхдийн кааш иддэг. Яг л хүүхэд өсгөж байгаа мэт хандах хэрэгтэй болдог. Байнга хамт байж, хамт тоглож, өвөртөлж унтаж, хайрлаж хамгаалж өсгөж байж тухайн сармагчныхаа итгэлийг олж авна. Ер нь бол хайр халамжаар дутаахгүй байж л сармагчинд “Энэ хүн миний аав юм байна” гэдэг ойлголтыг өгнө. 1 наснаас томроод ирэхээр нь болно болохгүй гэдэг ойлголтыг зааж сургах хэрэгтэй. Сармагчны байгалийн шинж чанар нь сахилгагүй, хөдөлгөөнтэй амьтан. Хаана, юугаар тоглож болох болохгүйг сайн сургах хэрэгтэй. Гэрийн тэжээвэр амьтан биш гэдгийг сайн ухамсарлах хэрэгтэй. Циркийн яг ямар үзүүлбэр үзүүлэх боломжтой, өгөгдөлтэй сармагчин бэ гэдэгт эхлээд судалгаа хийж байж сургуулилт эхэлдэг.

– Сармагчин сургах нь бусад амьтдыг сургахаас хэр зэрэг ажиллагаа шаарддаг вэ?

-Сармагчин сургах нь илүү хялбар гэж би хэлнэ. Эхлээд тухайн сармагчныхаа авьяасыг нээх нь чухал. Тиймээс бид эхлээд сармагчинтайгаа тоглож эхэлдэг. Бөмбөгтэй хэрхэн харьцаж байна, урт саваа модтой харьцаж чадаж байна уу чадахгүй байна уу гэдгийг ажиглана. Эсвэл бөөрөнхий цагаригтай харьцахдаа эвтэй байна уу гэдэг ч юм уу? Ер нь сармагчин гэдэг амьтан маш сэргэлэн цовоо, зальтай амьтан учраас аль нэгэнд эвлэгхэн л байдаг. Тэр тоглоомоор нь тоглосоор байгаад аажимдаа энэ нь үзүүлбэрийн бэлтгэл болж хувирдаг. Бас 1 анхаарах зүйл бол сармагчин маш хөдөлгөөнтэй. Жоохон ч анхаарал сулрахад өөр зүйл хийчихсэн, сахилгагүйтээд үймүүлчихсэн байж байдаг.

-Танд сармагчин шавь нар олон бий юу ? Сармагчин сургах нь бусад амьтдыг сургахаас мэдээж өөр байх?

-Залуудаа бар, арслан зэрэг том, араатан амьтан сургадаг байсан. Сүүлийн жилүүдэд дандаа жижигхэн амьтан сургах болсон. Одоо бол надад 5 сармагчин бий. Монголд авчирсан 2 сармагчнаас бусад шавь нар маань Узбекстандаа бий. -Таны ажилд амжилт хүсье.

-Баярлалаа

0/1000