horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Р.Даваадорж: Засгийн газар бодит байдалдаа нийцсэн шийдэл гаргах нь улс орны эрх ашигт нийцнэ

post-img

Эдийн засгийн ухааны доктор, судлаач Р.Даваадоржтой ярилцлаа.

———————————————————————–

-Төсвийн орлого маш их хэмжээгээр тасарчихсан байна гэж та мэдэгдсэн байсан. Энэ талаараа тодорхой тайлбарлаж өгнө үү?

-Улсын төсөв эхний хоёр сарын байдлаар 565.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Манай төсвийн 33 хувийг бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурч, экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ бирж дээр 72 ам.доллараар зарагдахгүй байгаа зэрэг мэдээлэлд үндэслэн би ингэж ярьсан. Зарим нэгэн УИХ-ын гишүүн ч тодотгол хийх талаар мэдэгдэл хийж байсан санагдаж байна. Гэтэл улсын төсөв оны эхний гурван сарын байдлаар алдагдал нь өмнөх сараасаа буурч, 352 тэрбум төгрөг болсон талаар статистик мэдээлэл сая гарлаа. Гэхдээ судлаачийн хувьд энэ тоонд итгэхгүй байгаа. Үүнийг би төсөвтэй холбоотой хэдхэн тоогоор нотолж чадна.

Нэгдүгээрт, ноднин жилийн улсын нэгдсэн төсвийн нийт орлого тусламжийн хэмжээ 25.3 их наяд төгрөг, харин энэ онд 33.5 их наяд төгрөг байхаар тооцсон нь өмнөх оноосоо 32 хувиар өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, төсвийн нийт орлогын ихэнхийг бүрдүүлэгч татварын орлого 30 орчим хувийн өсөлттэй байх ёстой гэсэн үг л дээ. Гэтэл нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 6.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 (16.2%) их наяд төгрөгөөр тус тус буурчээ.

Бүр нарийвчилж харвал, татварын нийт орлого 2025 оны эхний улиралд 5.8 их наяд төгрөг болж , өмнөх оны мөн үеэс 1.1 (16.1 хувь) их наяд төгрөгөөр буурлаа. Орлогын албан татварын хэмжээ 539.7 (21.1 хувь) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 35.6 (2.8 хувь) тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 782.9(68.9 хувь) тэрбум төгрөгөөр буурчээ.

Төсвийн орлогыг бүрдүүлдэг голлох татварууд 30 орчим хувиар нэмэгдэх биш бүр 16 хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл, төсөвт маш том алдагдал үүсч буйг энэхүү татварын буурсан үзүүлэлтүүд баталж байгаа юм. Хоёрдугаарт, энэ оны эхний улирлын аж ахуйн нэгжийн орлогын татварын хэмжээг өмнөх онтой харьцуулахад гамшгийн хэмжээнд хүрч тасарчээ. 2024 оны эхний улиралд аж ахуйн нэгжийн албан татвар 2 их наяд төгрөг байсан бол энэ оны хувьд ердөө 1.3 их наяд төгрөг буюу бараг 700 тэрбум төгрөгөөр тасарлаа. Энэ нь аж ахуйн нэгжүүд татвараа дийлэхгүй олноороо хаалгаа барьж байгаа төдийгүй уул уурхайн бүтээгдэхүүний үнэ навс унасныг илтгэх тоон үзүүлэлт юм. Гуравдугаарт, манай эдийн засгийн голлох багана болсон нүүрсний борлуулалт өнгөрсөн жилийн мөн үеэс 880 орчим сая ам.доллараар буурчихаад байна. Цаашид АНУ-ын тарифын бодлогоос шалтгаалж нүүрсний үнэ буурах нь тодорхой болчихлоо. Дөрөвдүгээрт, Төсвийн тэнцэл өнгөрсөн оны мөн үед 1 их наяд 600 гаруй тэрбум төгрөгийн ашигтай гарч байсан бол энэ оны хувьд 350 орчим тэрбумын алдагдалтай байна. Хоорондын зөрүү 2 их наядаар тооцогдох болжээ. Тавдугаарт, Бизнес регистрийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын өнөөгийн тоог ковидын хаалттай хүнд үе буюу 2021 оны эхний улиралтай харьцуулж үзэхэд тухайн үед үйл ажиллагаа эрхлээгүй хуулийн этгээд 29 мянга байсан бол өнөөдөр 53 мянга болоод өсчихсөн байх юм. Үйл ажиллагаагаа түр зогсоосон нь 100 мянга байсан бол 90 мянга, үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон нь 1900 орчим байснаа одоо 6000 давсан. Өөрөөр хэлбэл, өнөөдөр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах нь ковидын тэр хүнд үеэс ч дорджээ гэж дүгнэхээр харагдаж байна. Миний хэлсэн дээрх таван үзүүлэлт төсөв тодотгох нь тодорхой гэдгийг батлан харуулж байгаа юм. Иймээс би нэн яаралтай төсвөө тодотгож, хэмнэлтийн горимд шилжихийг уриалаад байгаа. Энэ бол Засгийн газрыг шүүмжлэх гээд байгаа зүйл ерөөсөө биш. Бодит байдалдаа нийцсэн шийдэл гаргах нь улс орны эрх ашигт нийцнэ гэсэн агуулгыг л хөндөөд байгаа юм. Хямралын хүнд үед судлаачдынхаа үгийг сонсохгүй цааш давхиж болно. Уналт нь маш их өвдөлттэй байх болно шүү гэж анхааруулж байгаа юм.

-Намрын чуулганаар энэ оны төсөв хэлэлцэх үеэр нүүрсний үнийг хэт өөдрөгөөр төсөөлсөн нь өнөөгийн ийм нөхцөлийг бий болгож байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Нийлнэ. Би анх төсвийн тооцооллыг харчихаад “Мянгуужингийн үлгэр” гэж нэрлэж байсан нь өдгөө биеллээ олж байна. Яагаад гэвэл Дэлхийн эрчим хүчний агентлаг, 2025-2026 онд нүүрсний үнэ буурна гэдгийг өнгөрсөн жил тайландаа дурдсан. Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар болон гангийн үйлдвэрлэл бууралттай байгаа нь нүүрсний эрэлт багасах дохио шүү дээ. Гэтэл энэ жилийн хэт тэлсэн төсвийн алдагдлаа бага харагдуулахын тулд Сангийн яам орлогоо хийсвэрээр тооцож эдийн засгийн макро үзүүлэлтүүдээ өөдрөгөөр төсөөлж орж ирсэн нь бодит үнэнээс хол зөрүүтэй байв. Үүнийг 83 сая тн нүүрс 105 ам.доллараар экспортлох, эдийн засгийн өсөлтийг 8 хувьд, нийт экспортыг 18.9 тэрбум ам.долларт хүргэх, инфляцийг 6 хувьд тогтвортой барих, ДНБ-ийхээ хэмжээг 93 их наяд төгрөгт хүргэнэ гэсэн нэн эргэлзээтэй амлалтуудаас нь харж болохоор байсан. Өнөөдөр энэ бүх амлалтууд ташаа гэдэг нь батлагдаж эхэллээ. Ийм учраас л төсөвт ноцтой эрсдэл үүсч тодотгол хийхээс өөр аргагүй байдалд хүрнэ гэж анхааруулж байсан.

-Энэ оны төсөвт өөр бодлогын алдаа байсан уу?

-Харамсалтай нь хэд хэдэн ноцтой бодлогын алдаа гаргасныг тухайн үед би хэлж байлаа. Нэгдүгээрт, Аж ахуйн нэгж, ард иргэдийн төлөх татварын дарамт хэтэрсэн. Өнгөрсөн 2022 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 2 их наяд төгрөг төвлөрүүлэх тооцоо энэ онд 7.5 их наяд төгрөгт хүрч 4 дахин нэмэгдсэн. Хувь хүний орлогын татвар 1.2 их наядаас 2.9 ихнаяд төгрөгт хүрч 2.5 дахин өслөө. Дотоодын барааны НӨАТ 1.5 их наядаас 3.4 их наяд төгрөгт хүрч 2 дахин нэмэгджээ. Төсвийн орлогын 87 хувь буюу 31.9 их наяд төгрөгийг татвараар бүрдүүлэхээр тооцсон байна. Энэ нь 2023 оны аж ахуйн нэгж, иргэдийн төлсөн татварын хэмжээнээс 49 хувь буюу 10.5 их наяд төгрөгөөр илүү байна. Эндээс аж ахуйн нэгжүүд болон иргэдийн нуруун дээр ирж буй татварын дарамт хэрхэн нэмэгдэж байгааг харж болно. Ийнхүү төсвийн тэлэлт эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлж, хувийн хэвшлийн орон зайг улам бүр хумьж байна. Төсөвт төвлөрүүлэхээр тооцсон татварын хэт өндөр тооцоо, нийгмийн даатгалын шимтгэлийн дарамт, зээлийн өндөр хүүгийн зардал зэрэг нь олон мянган бизнес эрхлэгчдийг “хаалгаа барих” хямралд хүргэнэ шүү гэж анхааруулсан. Хоёрдугаарт, Үнэ өсөж, өрх гэрийн орлого багасах нь тодорхой болжээ. Төсвийн 9.8 их наядын хөрөнгийн зардал валют болж гадагшаа урсана. 26.0 их наядаар тооцсон урсгал зардлын бараг дийлэнх хувь нь валютын хэрэглээг дэмжиж байгаа. Төсөв ийнхүү валютын ханш огцом өсөх, инфляцаа нэмэх муу үр дагавар дагуулахаар байна. Өөрөөр хэлбэл, төсөв өөрөө валютын ханш огцом өсгөх, үнийг хөөрөгдөх шалтгаан болжээ. Инфляц өснө гэдэг дундаж давхарга улам бүр “цөөрч”, ахмадууд, орлого багатай өрхийн амьдрал хүндрэхэд хүргэх эрсдлийг бий болголоо гэсэн анхааруулга хэрэгжиж эхэлснийг олон хүн өдгөө анзаараа биз. Гуравдугаарт, Аж ахуйн нэгжүүдэд арилжааны зээл олдохоо болино. Тэлсэн төсөв Төв банкны бодлогыг чангаруулдаг. Иймээс бодлогын хүү чангарч арилжааны зээлийн хүү өсдөг. Арилжааны банкууд өндөр хүүтэй, эрсдэл өндөр зээл гаргах биш өндөр өгөөжтэй Төв банкны үнэт цаас худалдан авахыг чухалчилдаг. Иймээс аж ахуйн нэгжид арилжааны банкны зээлийн олдоц эрс хумигдаад зогсохгүй зээлийн хүү өсдөг. Энэ нь аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоох эсвэл бүтээгдэхүүнийхээ үнэ өсгөхөөс өөр сонголтгүй болгож таарна. Дөрөвдүгээрт, Авлига нэмэх төсвийн төсөл орж ирлээ. Төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүд болон төрөөс “угждаг” өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн худалдан авалт, тендер дээр төсвийн нийт зарлагаа нэмбэл манай улсын нийт эдийн засгийн 70 орчим хувь төрөөс хамааралтай байна. Монголын төр хувийн хэвшлийн орон зайг төсвөөр дамжуулан булааж эхэллээ. Төсөв бүхнийг шийдэж, төр толгойгоо даахгүй болтлоо “данхайсан” нь төрийн өмчид “хувалз” мэт шигдсэн авлига хээл хахуулийг улам бүр гааруулж байгаа. Тэд саяар биш, тэрбумыг голж их наядаар “цөлмөдөг” болсон өнөөгийн буруу бодлогын үр дагавар юм.

-АНУ-ын татварын бодлого манайд нөлөөлж байна уу?

-Яг одоохондоо үгүй. Гэхдээ Хятад, АНУ хоёрын худалдааны дайн даамжирвал зайлшгүй нөлөөлж таарна. Одоо бол улс орнууд нэн тодорхойгүй байдлын өмнө ирсэн. АНУ-ын татварын бодлого Монголд дараахь дам болон мэдэгдхүйц нөлөө үзүүлж болзошгүй юм. Гадаад худалдааны дам нөлөө ямар байх вэ гэдэг асуулт тавигдах байх. АНУ дэлхийн эдийн засгийн хамгийн том тоглогч учраас тарифын бодлого нь олон улсын худалдааны урсгал, үнэ ханшид заавал нөлөөлнө. Өндөр тарифаас шалтгаалж Хятадын эдийн засаг удаашрах магадлалтай. Ийм тохиолдолд Монголын экспорт, ялангуяа зэс, нүүрсний эрэлт буурна. Яагаад гэвэл Хятад манай хамгийн том худалдааны түнш юм. Түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ ханшид нөлөө үзүүлэх эсэхийг уул уурхайн экспортлогчид ихэд анхаарч байгаа. АНУ-ын энэ бодлого зэс, нүүрс, төмрийн хүдэр зэрэг түүхий эдийн дэлхийн үнэ ханшид нөлөөлөх тул хөрөнгө оруулагчид түүхий эдээс зайлсхийх хандлага анзаарагдаж байна. Энэ нь манай экспортын орлогод сөргөөр нөлөөлнө. Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулагчид ямар хандлагатай байгааг сонирхож үзвэл: Дэлхийн зах зээл тогтворгүй байдалд шилжиж, хөрөнгө оруулагчид тарифаас үүдэлтэй эдийн засаг, санхүүгийн эрсдэлд нэн болгоомжтой хандах болсон нь анзаарагдаж байна. Тиймээс гадаадын шинэ хөрөнгө оруулалт манай улсад орж ирэх нь асуудалтай болж байна гэж ойлгож болно. Гэвч манай улсын хувьд АНУ бол чухал гуравдагч хөрш. Тиймээс АНУ-ын Монголд үзүүлэх шууд хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламж, худалдааны хөнгөлөлтөд нөлөөлөх болов уу хэмээн горьдож байна. Манай Засгийн газрын идэвхтэй үйл ажиллагаа нэн чухал байна. Нойрноосоо сэрж ялангуяа GSP (Generalized System of Preferences)-ийн хүрээнд Монголын зарим бараа АНУ руу татваргүй экспортлох боломжтой байдгийг ашиглах цаг ирсэн гэж бодож байна.

-Сангийн сайд Б.Жавхлан болохоор орлогод асуудал байхгүй, валютын нөөц нэмэгдсэн гэж мэдэгдээд байгаа шүү дээ. Худлаа хэлээд байгаа хэрэг үү?

-Төсвийн орлого асар их асуудалтай байгаа талаар бодитой тоо баримт дээр дурдлаа. Валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрсэн нь зах зээл дээр интервенц хийх бодлогоо Монголбанк хазаарлаж байгаатай холбоотой. Аливаа улсын эдийн засаг санхүүг удирддаг хоёр бодлого байдаг. Мөнгөний бодлогын хувьд улс төрөөс хөндий байдаг учраас айхтар шүүмжлээд баймааргүй байна. Харин төсвийн бодлого шалаар нэг хөглөрч байна. Энэ нь Сангийн сайдад хамаатай. Эдийн засаг сэргэж солонгорох, хангалттай хуримтлалтай болох “алтан үе”-ээ манай Засгийн газар алдсан. Тун харамсалтай. Одоо нэн хүнд үе бидний өмнө тулгарсан. Ямар ч байсан өнөөгийн Засгийн газар энэхүү хямралт нөхцөл байдлыг даван туулах стратеги бүү хэл төлөвлөгөө ч үгүй “бүх юм сайхнаараа” гэсэн шүү дуу гиншээд зогсож байна. Бүх зүйл сайн сайхан хэмээн мэдээлж байна. Уналт маш их хүчтэй байх болно шүү гэдгийг анхааруулж хэлмээр байна. Би өнгөрсөн жил нэг хөлтэй буюу ганц нүүрснээс хамааралтай эдийн засаг улс оронд асар их эрсдэл авчирдаг талаар сануулж, анхааруулж байсан. Гэвч “илжгэн чихтэй” Засгийн газар огт сонсоогүй л дээ. Тийм учраас өнөөдөр инфляц хоёр оронтой тоонд орж өргөн хэрэглээний бараа, хүнсний үнэ тэнгэрт хадлаа. Ам.долларын ханш өдөр ирэх тутам өсөж байна. Аж ахуйн нэгжүүд татвараа дийлэхээ болилоо. Иргэдийн амьдрал нэн хүндэрлээ! Тун удахгүй цалин, тэтгэврээ тавьж чадахгүй болох нь уу хэмээн бүгд шахам гасалцгааж байна.

-Ер нь одоо ийм нөхцөл байдалд ямар хариу арга хэмжээ авах ёстой вэ?

-Хөрсөндөө бууж ирэх. Түүхий эдийн үнэ асар өндөр байсан өнгөрсөн жилүүдэд эрх баригчид дэндүү их галзуурсан. Төрийн хулгай дээрэм хэрээсээ хэтэрсэн. Одоо зогсох хэрэгтэй. Улс орныхоо ирээдүй, ард иргэдийнхээ амьдрал, аж ахуйн нэгжийнхээ хүнд нөхцөл байдал руу бодитоор харах цаг ирсэн. Дэлхийн бүх улс орнууд хэмнэлтийн горимд шилжчихээд байна. Нэг дарга нь урд хөрш рүү явахаар гишүүд нь гуч дөчөөрөө дагалддаг, бүс дамжин Засгийн хурал хийнэ гэж хэдэн арван жип унан өвчигнөдгөө больж үз гэж хэлмээр байна. Засгийн газар 10 гаруй яамтай ажиллахад хангалттай. Ямарч хэрэггүй хорь орчим агентлагаа татан буулгачих. Төсвөө тана, хэрэггүй шахам бүтээн байгуулалтуудаа зогсоо гэж хэлнэ.

-Та жаахан тодруулахгүй юу?

-Төсвийн хөрөнгийн оруулалт нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх зарчим бүрмөсөн алдагдсан. Хөрөнгө оруулалтын нийт арга хэмжээний 80 хувь нь цаашид төсвийн зарлагыг нэмэгдүүлэхээр байгаа. Хэрэв хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлж, ердөө 145 арга хэмжээг царцаахад 1.5 их наяд төгрөг хэмнэх боломж бий. Тооцоолол нь ч над байгаа. Энэ хөрөнгөөр Монгол Улсын нийтлэг эрх ашгийг илэрхийлэх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх ёстой. Үндсэн хуулиндаа Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах баталгаатай эрх эдэлнэ гэж маш тодорхой заасан. Харамсалтай нь, манай иргэд хорт хавдрын хэд хэдэн төрлийн өвчлөлийн тоогоор дэлхийд тэргүүлж байна. Эмчилгээ авах нь бүү хэл, эмчид үзүүлэх, шинжилгээ өгөх оочероо хүлээсээр бурханы оронд явж байгаа талаар мэдээ үзсэн. Иймээс хавдрын өвчнийг эрт илрүүлэх, эмчлэх эмнэлэг барих ёстой биш үү. Жил бүр олон зуун сая ам.долларын эрчим хүч импортолж байгаа. Бид энэхүү үрэлгэн байдалдаа цэг тавьж эрчим хүчний аюулгүй байдалдаа анхаарч болохгүй юу. Хөрөнгө оруулалтын бодлогоо эрс шинэчилж, урсгал зардлыг нэмэхгүй, ажлын байрыг олноор нэмэх үндэсний үйлдвэрлэлийн салбарт нийт хөрөнгө оруулалтын ихэнх хувийг төлөвлөх ёстой биш гэж үү.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Т.Дарханхөвсгөл

0/1000