“Мичид-Электро” ХХК-ийн захирал Л.Чинбаттай нарны эрчим хүчийг суурилуулахад ямар үнэ ханштай байдаг талаар ярилцлаа.
———————————————————————–
-Өөрөө эрчим хүчээ үйлдвэрлэх боломжтой нарны эрчим хүчний системийг айл өрхүүд хэрэглээндээ цөөнгүй нэвтрүүлж байна. Танай технологи хэр найдвартай вэ?
-Бид өөрсдөө эрчим хүчний инженерүүд. Энэ салбарт ажилладаг олон мянган инженер техникийн ажилчид төлөөллүүдийн нэг юм. Манай улсын хувьд эрчим хүчний хямрал нь сүүлийн жилүүдэд хурцаар тавигдаж байна. Яагаад бид эрчим хүчний хямралд орсон юм бэ гэх асуудлыг уг үндсээс нь судалж эхэлсэн. Энэ асуудлаас гарах нэгээхэн салбар нь өөрөө сэргээгдэх эрчим хүчний салбар юм. Монгол Улс маань сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцтэй орон. Бид яагаад өөрсдөө дотооддоо 100 хувь эрчим хүчээ үйлдвэрлэж болохгүй хэмээн бодсон. Энэ бол дотоодынхоо эрчим хүчний хэрэглээг хангаад илүү цаашаа хөгжиж болох гарц. Эрчим хүч гэдэг өөрөө нэг төрлийн бүтээгдэхүүн. Улс орны стратегийн амин чухал хөгжилтэй салшгүй холбоотой. Тиймээс үүний шийдэл нь сэргээгдэх эрчим хүч гэх энэ чиглэлийн судалгааг 2022 оноос хийж эхэлсэн. Дэлхийн зах зээл дээр нарны эрчим хүчний олон компани байдаг. Эдгээрээс нарийн судалж байгаад Монголын зах зээлд тохирсон хамгийн чанартай, TIER1 ангиллын нарны хавтан хамгийн сүүлийн үеийн технологиудыг шингээсэн лити-ион төрлийн цэнэг хуримтлууртай олон улсын стандартыг хангасан иж бүрэн нарны системийг Монгол Улсынхаа зах зээлд нэвтрүүлж эхлээд байна.Нарны хавтангийн хувьд 25-30 жилийн баталгаат хугацаа өгч байгаа. Энэ хугацаа нь өөрөө TIER1 ангиллын хавтан шүү гэдэг баталгаа. Цэнэг хуримтлуур буюу батерей нь 15 жил ашиглах боломжтой юм. Монголын зах зээлд сүүлийн үед олон төрлийн чанартай, чанаргүй хавтангууд зарагдаж байгаа. Манай монголчууд аливаа бүтээгдэхүүнийг сонгохдоо чанартайг нь гэхээсээ хямдыг нь харж сонголтоо хийгээд байгаа юм шиг санагддаг. Энэ нь эргээд тухайн хэрэглэгчийг том асуудалд оруулах эрсдэлтэй. Ялангуяа цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмж нь найдвартай ажиллагаа, аюулгүй байдал, техник технологийн дэвшил бөгөөд эдгээрийг нарийн тооцсон инженерийн нарийн тооцоолол байдаг. Энэ бүхнийг тооцоолохгүй байгаа нь үнэхээр эмзэглэл төрүүлдэг.Тиймээс иргэдээ сайн судалсны үндсэн дээр худалдан авалт хийгээсэй гэж хүсч байна.
-Халаалтыг шийдэх боломжтой юу?
-Бүрэн боломжтой. Бид 2024 онд Нарны эрчим хүчний үзүүлэнгийн тэнхимийг Улаанбаатар хотод нээсэн. Нээсэн шалтгааны маань үндсэн зорилго нь иргэдэд нарны эрчим хүчний тухай ойлголт, боломж, тооцоолол, шийдэл, зөвлөгөө, мэдлэгийг түгээх юм. Иргэдэд энэ талаарх тодорхой ойлголт маш хэрэгтэй байна. Бид аль болох амьдралд ойрхон кейс дээр тулгуурлан тайлбарлаж өгдөг. Бид тухайн айл нь сард хэдэн квт-ын хэрэглээтэй, түүний хэдэн квт нь юунд зарцуулагддаг, тэр хэрэглээнийхээ зардлыг нарны эрчим хүчээр хангах боломж, мөн эрчим хүчний хэмнэлттэй халаалтын шийдэл тавих гэх мэт тооцооллыг хийж өгөн түүнд тохирсон шийдлийг гаргаж өгдөг. Жишээ нь, дундаж 100-150 м.кв талбайтай байранд амьдардаг айл байлаа гэж үзье. Тухайн айл өвлийн ид хүйтний саруудад 3500-4000 квт.ц цахилгаан эрчим хүч дунджаар хэрэглэдэг бол тухайн айлд бид дунджаар 10квт нарны систем шаардлагатай гэж үзэн санал болгож байгаа. Тус нарны систем нь өдөрт хамгийн багадаа 50-60 квт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж өгнө. Тэгэхээр сардаа 1800 квт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Бүтэн жилээр тооцвол 18000-21000 квт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж өгөх боломжтой байна. Өвлийн саруудад нийт хэрэглээний 45 хувийг нарны үүсгүүрээс хангах, хавар, зун, намартаа 100 хувь нарнаас өөрийн хэрэглээг хангаж бүтэн жилийн үйлдвэрлэлээрээ тус айлын хэрэглээг 100 хувь хангах юм. Хүний хэрэглээ өөрөө таашгүй. Нар бол үүнийг нь урьдчилаад үйлдвэрлээд өгч байгаа гэж ойлгох хэрэгтэй. Та хэзээ хэрэглэх нь хамаагүй. Сард 4000 квт-ын хэрэглээтэй бол 1800 буюу 50 хувийг нь нар үйлдвэрлээд өгч байна гэсэн үг.
-Жишээ нь, 7х8 харьцаатай байшинд нарны систем суурилуулъя гэж бодоход үнэ ханш нь хэд болох вэ?
-Бид айл өрхүүдэд дунджаар 10 квт нарны систем байхад болно гэж үзэж байгаа. Дундаж айлын хэрэглээнд шүү. Бүр 5квт ч байгаа. Тухайн айлын маань эрчим хүчний хэрэглээнээс хамаарч системүүд маань өөр өөр байдаг. 5 квт-ийн систем 25 сая. Хосолж ажилладаг систем шүү. Дан нараар ажилладаг off-grid системийг 35 саяар угсарч суурилуулж байгаа. Энэ үнэд тухайн айлын монтажийг нарны системтэй нь уялдуулан угсарч, суурилуулах зардлууд ч давхар орсон байгаа. Тэгэхээр ямар нэгэн нэмэлт зардал гарахгүй гэсэн үг.
-Энэ систем бол нартай салшгүй холбоотой. Тэгвэл өвлийн улиралд хэрхэх вэ?
-Бид тухайн айлд нарны хавтанг суулгахдаа тухайн цэгээс хэмжилтээ хийж сүүлийн 15-20 жилийн хугацаанд хэд хоног нартай байх вэ гэх судалгаанд тулгуурлан тооцооллоо хийдэг. Уг судалгаандаа үндэслэн манай нарны систем өдөрт, сард, жилд бүр нарийн яривал өвөл, хавар, зун, намартаа хэдэн квт эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрлэлийн баталгааг гаргаж өгдөг. Нэг ёсондоо бид үүнийг хариуцъя гэж байгаа юм.
-Хөдөөний айлууд нарны системийг их суурилуулж байна. Харин гэр хорооллын айл өрхүүдэд энэ шийдлийг нэвтрүүлэх гэхээр үнэ ханш нь асуудал болоод байна. Жишээ нь, гурван айл дундаа нэгийг суурилуулаад хэрэглэх боломжтой юу?
-Гэр хорооллын нэг айлын хэрэглээ өөрөө маш бага байдаг. Ер нь бол 5 квт тавих шаардлага байхгүй. Манайх компани 3.5 квт-ын нарны системийг 7.800.000 хийж байгаа.
-Нэг айлынх мөн үү?
-Тийм ээ. Бид тухайн айлын хэрэглээнд тохируулан сууриулуулж өгнө. Хамгийн чухал асуудал нь айл өрхүүд дулааны алдагдалгүй байх ёстой. Үүн дээр бүдрээд байгаа юм. Гэрээ сайн дуулаалах хэрэгтэй. Авч байгаа дулаанаа алдаад байвал ямар ч нэмэр байхгүй. Хэрэв таны гэр дулаалга сайн байвал том нарны систем тавих шаардлагагүй гэсэн үг.
-Хэчнээн айл өрх нарны системийг суурилуулж байна вэ?
-Манай компанийн хувьд 2024 онд 25 айлыг яндангүй болгосон. Бидний зорилго бол улс эх орондоо ногоон эрчим хүчний үйлдвэрлэгч байж агаар, хөрсний бохирдлыг бууруулахад манай нарны сэргээгдэх эрчим хүчний компанийн хийж буй ажил чухал. Үүнд чиглэж ажиллах юм.
-Нарны эрчим хүчийг монголчуудын хэрэглээнд нэвтрүүлэхэд ямар нэгэн саад бэрхшээл байна уу?
-Санхүүгийн бэрхшээл тулгарч байна. Манай орны эдийн засаг, амьжиргааны нөхцөл үнэхээр доогуур. Ер нь Монголд 7сая, 20 сая төгрөгөөр нарны системийг шууд суурилуулах санхүүгийн боломжтой айл өрх хэд байдаг билээ. Тиймээс төрөөс нарны системийг ард иргэдийнхээ хэрэглээнд нэвтрүүлэхэд тусгай бодлого барьж ажиллах нь зүйтэй.
-Та ярилцлагынхаа эхэнд манай орон сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй гэж хэллээ. Энэ талаар ярихгүй юу?
-Сэргээгдэх эрчим хүч гэдэг бол нар, салхи, ус. Жишээлбэл, нар яагаад нөөц ихтэй байна вэ гэвэл жилийн 365 хоногийн 280 хоногт нь Монгол Улс цэлмэг нартай байдаг. Ялангуяа хангайн бүсээс урагшаа говийн бүс рүү орвол 300 хоног ч болно. Энэ нь өөрөө дэлхийд байхгүй нарны гарцтай улс шүү гэдгийг хэлээд байгаа юм. Нар үнэгүй. Энэ үнэгүй түүхий эдийг ашиглах хэрэгтэй. Манай улс эрчим хүчнийхээ 70 хувийг дотооддоо, 10 хувь нь сэргээгдэх эрчим хүч, үлдсэн 20 хувийг нь гадаадаас авдаг. Бидэнд энэ импортынхоо хязгаарыг хаах боломж байна шүү дээ. Энэ асуудлаас салах нэгэн гарц салбар нь сэргээгдэх эрчим хүч юм.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
А.Даваадулам