Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас цаг үеийн анхаарал татсан асуудлыг тодрууллаа.
-Уул уурхайн биржийн тухай хуулийн төслийн өөрчлөлтөд бартер хийх асуудал яригдсан нь ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Энэ талаар тодруулаач?
-Хуулийн төслийн дотор байгаа 1 заалт л даа. Бүтээгдэхүүн солилцооны тухай. “Бүтээгдэхүүн солилцоо хийх шаардлага үүсвэл УИХ шийднэ” гэдэг заалт байгаа юм. Нийгэм, эдийн засгийн томоохон төслүүдийг бүтээгдэхүүн солилцоогоор шийдэх асуудлыг парламентаар хэлэлцүүлж, шийдэх тухай. Бид төсвөө алдагдалгүй баталчихсан учраас 14 мега төслийн санхүүжилтийг төсвөөс гаргах боломжгүй. Аймгуудыг холбосон төмөр зам, аймаг хоорондын томоохон автозамуудыг шийдэх боломжгүй байна. Түүнчлэн Трампын тарифтай холбоотойгоор хөрөнгө оруулалт босгоход хүү хэтэрхий үнэтэй тусахаар болчихлоо. Дараагийн 1 асуудал нь валютын нөөц багассан асуудал байна. Ханш нь ч яаж өсөж байгаа билээ. Бүтээн байгуулалтад валютаар бараа бүтээгдэхүүн худалдан авч, оруулж ирэх асуудал заавал багтдаг. Энд валютын урсгал гадагшаа чиглэнэ шүү дээ. Энэ бүх шалтгаанаар бидэнд байгаа уул уурхайн түүхий эдээрээ солилцоо хийх асуудлыг л оруулж ирсэн.
-Хоёр төсөвтэй болчихлоо гэж шүүмжилж байна. Төсвөөс гадуурх мөнгө ахиад яригдаад байна шүү дээ?
-Нийгмийн гэдэгт сургууль, цэцэрлэгийн дэд бүтэц, эдийн засгийн гэдэгт 14 мега төсөл юм уу эсвэл нийслэлийн 24 мега төсөл, төмөр зам ч юм уу нөлөө бүхий төслүүдийг нэрлэнэ. Эдгээр төслөө эрэмбэлж байгаад УИХ-аар хэлэлцүүлээд, бүтээгдэхүүн солилцох гэрээ байгуулах асуудал яригдах зарчмаар явагдана.
-Агаарын хөлгийн шатахууны хамтарсан компанийг ОХУ-тай нийлж байгуулах асуудлыг УИХ дэмжихгүй тийшээгээ эргэчхэв үү. Гишүүд тусгаар тогтнолын асуудал яриад байгаа нь ойлголтын зөрүү үүссэнээс болов уу?
-Удаан яригдаж байгаа төсөл. 2018 онд анхны санамж бичиг зурагдсан. 2022 онд ахин санамж бичиг зурсан. Ноднин ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалаар ч зурагдсан асуудал шүү дээ. Агаарын хөлгийн түлш нь татвартай холбоотой учраас УИХ хэлэлцэж байгаа юм. Татвар, хураамжтай холбоотой асуудлыг шийдвэрлэх нь УИХ-ын бүрэн эрх шүү дээ. Нөгөө талд нь дахиад Засгийн газрын бүтээгдэхүүн нийлүүлэх хэлэлцээр бас байгаа. 2028 онд газрын тосны үйлдвэр ашиглалтад ортол 3 жилийн хугацаа байна. Тэр болтол бидэнд түлш хэрэгтэй шүү дээ.
-Нэгэнт АН-ын бүлэг дэмжихгүй гэж байгаа юм биш үү. Одоо яах бол?
-АН-ын бүлэг дэмжихгүй гэдэг шалтгаан нь хэлэлцээрт өөрчлөлт оруулах ёстой гэдэг байр суурьтай холбоотой юм. Гадаад харилцааны сайд болон намайг хэлэлцээр дээр ахиж ажиллаж, зарим зүйл заалтыг нь сайжруулж оруулж ирэх үүрэг өгсөн гэж ойлгож болно.
-Хамтарсан компанийн хэдэн хувийг ОХУ, хэдэн хувийг Монгол Улс эзэмших юм бол?
-Чингис хаан олон улсын нисэх буудлын дэд бүтцийг ОХУ-ын тал хамтарч эзэмших гээд байгаа юм шиг ойлгогдоод байна. Засварлаад явуулна уу гээд ОХУ-ын Эрчим хүчний сайдад хандчихсан байгаа. Чингис хаан нисэх онгоцны буудлын тухайд бид Япон улстай гэрээ байгуулж барьсан. Тухайн хэлэлцээрийн дагуу япончууд менежментийг нь удирдаад явж байгаа. Энэ асуудал руу орохгүй. Чингис хаан буудалд буусан өөр улсын онгоцыг цэнэглэх асуудалд харин ОХУ-тай хамтарсан компани яаж оролцох вэ гэдэг л асуудал яригдаж байгаа.
-Магадгүй АНУ-ын онгоцыг цэнэглэхгүй бол яах вэ гэдэг асуудал үүсэх нь ээ?
-Цэнэглэнэ л дээ. Хамтарсан компанийн хувь эзэмшигчийн давуу байдлаараа л шийдвэр гаргаад явдаг шүү дээ.
-Яагаад 20 жилийн гэрээ гэж. Бид ОХУ-ын хавханд өөрсдөө гүйж орох гээд байгаа юм биш үү?
-Бид 100 жил хойд хөршөөсөө л түлш бензинээ авч байгаа. Бидэнд тийм олон сонголт эхнээсээ байгаагүй. Дотоодын үйлдвэр ашиглалтад орчихвол өөрсдөө аваад явна. Хятадаас авъя гэхээр зардал өснө. Дэд бүтэц нь ч бүрддэггүй. Гээд яривал зовлон их байна.
-20 жилийн гэрээ байгуулахгүй байж болохгүй юу?
-Сая АН-ын бүлэг дээр 20 жил биш, 20 хүртэлх болгоё гэдэг асуудал яригдлаа. Анхны санал нь бүр 40 жил байсныг 20 жил болгож багасгаад байгаа юм.
-100 жил хараат явж ирсэн байж, 20 жилийг сүржигнэж хүлээн аваад байна гэж та харж байна уу?
-Бид 2023 оны өвлийг мартаж болохгүй. 2 сар орчим бензин тасалдахад бидэнд шагийн бензин ч олдохгүй байсан шүү дээ. Энэ үед бензин шатахуунаа найдвартай хангах асуудлаа баталгаажуулах тухай яаруулж байсан. Тэгээд өнөөдөр бид өөр нөхцөл гээд өөр зүйл яриад байж бас болохгүй. Хоёр хөрштэйгөө дипломат харилцаагаа бид удаан хугацаанд тогтвортой хадгалах учиртай.
2025-04-21 07:28:56
Eniig zailuulaachee